Дэлхий нийтээр..
АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов
УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.10.11/ өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар танилцуулга хийлээ.
Тэрбээр, өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн. Инфляцийн төвшин 8.9 хувьтай байгааг дуулгав. Мэдээлэлтэй холбоотой гишүүд дараахь байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Та бүхэн эдийн засгийн маш өөдрөг төсөөлөлтэй байх шиг. Хүндрэл бидний өмнө байгаа шүү. Хүндрэл банкинд удахгүй нөлөөлж эхэлнэ. Үүнд бэлэн үү. Хэд хэдэн банкинд Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байгаа, ажлын явц ямар байна. Гадаад өр төлөлт ямар байдалтай байгаа, энэ жил хэдийг төлөх вэ. Гадаад валютын нөөц маш эрчтэй буурсан ч таатай нөхцөл нь нүүрсний үнэ байна. Энэ үнийн өсөлтийг ашиглах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Би лав эдийн засгийн сэргэлт олж харахгүй байна. Инфляцид ч эргэлзэж байна. Энэ бодитой тооцоолол мөн үү. Долларын ханшийн өсөлт, экспорт, импортын гацаа зэргээс харахад та бүхний танилцуулга үнэмшилгүй санагдлаа. Цаашид ам.долларын ханшийг хэд байхаар тооцож байна вэ. Манай банкуудын зээлийн хүү дэлхийн 200 гаруй улсад өндөрт ордог. Ийм өндөр хүүтэй банкууд үнэт цаас худалдаж аваад эрсдэлгүй яваад байх юм уу.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн жил инфляцийг 6 гэж тооцож байсан ч одоо 8.9 хувь байна. 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна. Ирэх жилээс банкууд нээлтэй хувьцаат болно. Үүний бэлтгэл ажил хэр байгаа вэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Өмнө нь Монголбанк инфляцийг маш сайн “онилж” ажилладаг байсан. Б.Лхагвасүрэн таны үед инфляцид хэр анхаарч ажиллаж байна. Цаасан мөнгө хэвлэдэг зөвлөл тань энэ жил хэдэн удаа хуралдаж, ямар шийдвэр гаргасан бэ. Цаасан мөнгө хэвлэхэд хэн хяналт тавьж ажилладаг вэ. Экспорт дэмжих асуудалд Монголбанк жаахан санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй. Валютын орлого олох жижиг компанийг ч болов дэмжмээр байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: 10 их наяд жижиг компани, үйлдвэрлэгчдэд хүрэхгүй байна. Өргөн хэрэглээний бараа 2-3 дахин өслөө. Инфляц нэмэгдээд байхад Монголбанк арга хэрэгслээ ашиглах уу. Засгийн газартай хамтарч ажиллаж байна уу. Малчдаас зөвхөн түүхий эд бэлдэж авах биш, боловсруулах үйлдвэр барих чиглэлд дэмжих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Бодлогын хүү тогтвортой буурч байгаа нь зөв. Он гараад нэг хэсэг бизнес зогсонги байдалд ордог. Тэр үед нь дахин нэг функт буулгавал бүр сайн. Банкны үнэт цаас буцаад өссөн нь 10 их наяд төгрөгийн хөтөлбөр “бай”-гаа оноогүйг илтгэж байна. Жижиг аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна. Албан тушаалтнууд өөрийн компаниар дамжуулж аваад шууд хадгаламж болгосон. Тэдэнд зарцуулах шаарлага алга. Энэ хөтөлбөрийг зогсоо гэж байгаа юм биш, оновчтой хүртээмжтой болгох хэрэгтэй. Ажлын байр хадгалах гээд зээл өгөхөөр буцаад банкинд ороод ирлээ. Тэгэхээр цаашид хөрөнгө оруулалтын зээл болгож өөрчилбөл зүгээр. Ипотекийн зээлийн санхүүжилтыг Засгийн газраас олгоно гэж байгааг би дэмжихгүй. Засгийн газар өгч эхэлбэл авлигын сүлжээ болно. Танайх өгдөг хэвээрээ байвал дэмжинэ. Иргэд хил нээвэл гадагшаа явахын хүслэн болсон энэ үед хил нээгдмэгц ханш унана. Үүнийг эртнээс тооцохгүй бол асуудал үүснэ шүү.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Гурван хувийн зээл цаашид хэр хугацаанд үргэлжлэх вэ. Зөв хүндээ очиж байна уу. Монголбанк зээлийн хар жагсаалтаас өршөөх цагаатгах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь зөв, гэхдээ үүнийг дагаад хууль бус үйлдэл Монголбанкинд цэцэглэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү. Хэр үндэслэлтэй вэ. Сүүлийн үед койн борлуулж 200-300 тэрбумаар яригдах мөнгийг зах зээлээс босгож байна. Монголбанк санхүүгийн бүх үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавих үүрэгтэй. Гэтэл зуун зуун тэрбумын асуудал яригдаж байхад манайд хамаагүй гэж болохгүй. Үүний үр дагаврыг хэн хариуцах вэ. Хадгаламж зээлийн хоршоо шиг иргэд олноор хохирвол хэн хариуцах вэ гэв.
Эх сурвалж: УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
