Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ

Огноо:

,

Сэтгүүлч:

МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-нд болох тоглолтынх нь талаар түүнтэй ярилцлаа.

-Таны “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Рондо”, “Сайхан чамдаа” зэрэг олон сайхан поп дууг сонсох дуртай. Та олон жил гадаадад амьдарч байна. Эх орондоо ирсэн төдийгүй сонгодог тоглолт үзүүлэх болсон тухай мэдээ сонсоод илүү их сонирхол татлаа?

-Би 1997 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр Д.Дашиймаа багшийн удирдлага дор төгссөн. Түүнээс хойш дуурь дуулж чадаагүй л дээ. Оюутан байхдаа хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Солонго” романсаар нэрлэсэн тоглолт, мөн “Arie Antiche” гээд Монте Вердийн үеийн ари ариеттагаар тоглолт хийж байлаа. Би олон жил гадаадад амьдарч байна. 2012 онд ханийгаа алдаад сэтгэл санаа хүнд байх үедээ Парисын Олон Улсын Хөгжмийн консерваторид орж суралцсан л даа.  “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Баярлалаа”, “Рондо”, “Сайхан чамдаа” зэрэг өөрийнхөө дуунуудыг дуулаад байхад  сэтгэл хөнгөрдөггүй тийм үе байсан л даа. Дуурь гэдэг бол мэргэжлийн том урлаг. Би энэ урлагт Д.Дашиймаа багш болон Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багштайгаа хичээллэж байх үеэсээ гүн гүнзгий дурласан. Дуурийн урлагийн баатарлаг, өөдрөг гэгээлэг, аливаа зүйлд бууж өгдөггүй тэр хүчирхэг эмэгтэйчүүдийн дүр, тэдний дуулж байгаа өгүүлэмж нь сэтгэлд их хүч өгдөг. 2014 онд би Парисын хөгжмийн дээд сургуулийн Лирисса Тосканелли багштайгаа учирсан. Багаасаа балетаар хичээллэсэн, төгөлдөр хуурч мэргэжилтэй, дуулах урлагийн хичээлийн шилдэг багш юм. Анх энэ багш дээрээ очихдоо би амьдралын хүнд цохилтоос болоод их өөрчлөгдсөн байсан. Сургуульд сурсан зүйлээ бараг  мартсан байсан л даа. Тэгээд багштайгаа хичээллэж эхэлсэн. Мэдээж эзэмшсэн мэргэжил маань учраас аажмаар сэргэсэн. Сэтгэл зүрх маань ахин шинээр булгилж, энэ урлагт дахин дурласан.

-Франц багштайгаа хамтарч тоглох санаа хэзээ төрөв?

-Их олон сайхан бүтээл дуулж сурлаа. Нэг том бүтээлийн ард гарна гэдэг нэг том даваа давлаа л гэсэн үг шүү дээ.  Дан Аve Maria-гаар тоглолт хийж байлаа. Ингээд нэг өдөр Лириссад хамт тоглох санал тавихад зөвшөөрсөн. Ийм мундаг дуучин зөвшөөрөхөд нь үнэхээр баярласан. Багш маань тоглолтын хөтөлбөр бэлтгээд надад авчирч өгсөн. Үнэхээр сайхан хөтөлбөр байсан л даа. Би маш  их сүрдсэн, бас айсан. Сүүлдээ багшдаа дэмий ч санал тавьж дээ, ийм том аринуудыг би яаж чадах юм бэ гэж бодох үе ч байлаа. Гэтэл хүн сурдаг юм байна. Хүний эзэмшсэн мэргэжил хүнээс хэзээ ч алга болдоггүй юм байна. Манай Монголд залуучууд л тайзан дээр гардаг. Тайз бол ерөөсөө залуусынх гэсэн нэг тийм ойлголт ч байдаг юм шиг санагддаг юм л даа. Харин Европт өөр. Эсрэгээрээ гэж ч болно. Тэнд 40, 50, 60 нас хүрсэн улсуудыг ид дуулах үедээ байна гэж үздэг. Тиймээс европт, тэр дундаа Парист олон жил амьдарсан хүн болоод тэр үү миний сэтгэл зүрх дуулах хүсэл тэмүүллээр амархан хөглөгдсөн. Дотор минь хаа нэгтэй нуугдаж, намайг барьж байсан хүлээснээс гарч, ахин суралцсан. Тэр бүхнээсээ дээжлэн ард түмэндээ үзүүлэхээр боллоо. 

- Хөтөлбөрөөсөө сонирхуулж болох уу?

-Франц болон итали хэлээр дуулна. Тоглолт маань Франц, Италийн сонгодог урлаг, тэр дундаа дуурийн алдартай ари болон хоршлоос бүрдэж байгаа юм. Мөн Jacques Offenbach, Georged Bizet, Saint-Saens, Charles Gounod, Hector Berlioz, Guiseppe Verdi, Vincenzo Bellini, Gaetano Donezetti нарын суут хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулна. Монголын сонгодог урлагийн түүхэнд Францаас мэргэжлийн сопран ирж байгаа нь анхных байж магадгүй.  Тэгээд хамгийн сайхан нь эх хэлээр нь сонсох нь байна шүү. Энэ урлагийн хөгжилд оруулж байгаа миний өчүүхэн хувь нэмэр гэж бодож байна. Мэргэжлийн дуучин болох гэж байгаа бүхэнд “Мастер класс“-ын сургалт үнэ төлбөргүй явуулна. Энэ хичээл их үнэтэй байдаг. Би багшаасаа манай оюутнуудад хичээл явуулаач ээ гэж гуйсан юм. СУИС болон Монгол Улсын консерваторийн удирдлагууд их сайхан хүлээж авсан. Энэ их сайхан боломж шүү.

-Та ер нь 10-аад удаа бие даасан тоглолт хийсэн байх. Бүр “Сюрприз барьж ханахгүй юм аа” гэсэн үг ч тэр үед гарч байсан?

-Баярлалаа, тэгж хэлдэг улс байдаг. Поп, блюз дуулж байгаад “Хөөрхөн халиун” гэж дуулаад клип хийсэн чинь “ямар стиль жанр вэ, ёстой гоё байна” гэж байх жишээтэй. Түүний дараа 2009 онд хүүхдэд зориулан “Маамуу нааш ир”, “Бөөн баяр” гэдэг хоёр цомог гаргасан. “Бөөн баяр” цомог манай Түмээгийн /нэрт яруу найрагч, МУСГЗ Загдын Түмэнжаргал/ хүүхдэд зориулсан үе үеийнхний дуулах дуртай шилдэг  дуунуудаас  бүрдсэн. Түүнээс хойш дорвитой тоглолт хийлгүй байж байгаад  “Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолтоо хийх гэж байна. Сэтгэл их догдолж байна. Уран бүтээлийн аз жаргалаа эдлэх гээд байна л даа.

-Францад амьдраад нэлээн удлаа. Франц орон, ард түмэн, соёлын харилцаанд нь дассан байх. Ер нь франц уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар онцлог байдаг вэ?

-Өнгөрсөн жил Түмээгийнхээ 65 насны ойг тохиолдуулан франц хөгжимчидтэй ирсэн л дээ. Тэд цагаа сайн барьдаг, стиль жанраа ягштал барьж, бие биенээ хүндэлдэг, зохион байгуулалт сайтай хамтран ажиллахад сайхан байдаг. Гэхдээ монгол орчинд өсөөгүй, монгол дууг байнга сонсож байгаагүй хүмүүс монгол дууг тоглоход амаргүй ч мэргэжлийн хувьд сайн тоглосон. Франц уран бүтээлчидтэй хамтран ажиллахад урамтай байдаг.

-Монгол дуучны уран бүтээлийг францчууд хэр хүлээн авдаг вэ?

-Сайхан хүлээж авдаг. Тэдний чих бэлтгэгдсэн байдаг. Би захиалагчийн хүсэлтээр поп, ардын дуу дуулахаас гадна хүүхдэд зориулсан тоглолт хийнэ гэхчлэн олон төрөлд хувирдаг. Монгол ардын дуу сонсох хүсэлтэй байвал сайхан үндэсний хувцас, малгайгаа өмсөөд, ээмгээ зүүгээд хадааж өгнө. Монголчуудыг байгалиасаа өгөгдөлтэй гэж ярьдаг. Тэр нь хоёр том хацар, шанаа. Хацрын цаана хөндий байдаг. Тиймээс манай монголчуудын дуулж байгаа нь өргөн, том, чадалтай дуугардаг гэх юм билээ. Европынхон бол арай өөр. Тэд хацартай болох гэж өөх шахуулж, бөндийтөл нь улаанаар будаж байна шүү дээ. Гэтэл бидэнд тийм шаардлага алга. /инээв/

-Хэрхэн амьдарч байгаа тань манай уншигчдад сонин байгаа болов уу?

-Хоёр хүүхдээ өсгөөд бусдын адил амьдарч байна. Тэд маань бие биедээ ханьтай өсөж байна. Хоёр хүүхдээ орхиод ирсэн болохоор сэтгэл маш их зовж байсан боловч одоо ээж минь очоод хамт байгаа болохоор сэтгэл амарч байна даа. Энэ жил аавыгаа алдлаа. Амьдрал шүү дээ Мягмарсүрэн минь хүчтэй байгаарай л гэж өөртөө хэлэх юм. Тэгсэн ч гэсэн ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ.

-Та мөн Францын сургуулиудад  багшилж, монгол ёс заншил, соёлоо түгээдэг. Энэ талаар тань асуухгүй өнгөрч чадахгүй нь?

-Францад хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн сургалтад хүүхдүүд нь хамрагдаж байна. Тэд хичээлд явах ирэх, тоглох, зурах, унших, зурагт үзэх гэхчлэн бүх юм нь цагийн нарийн хуваарьтай байдаг. Мөн долоо хоногт нэг удаа өдөрт 45 минут эсвэл нэг цаг ямар нэгэн дугуйланд хамрагдах ёстой. Тэр нь Парисын зарим сургуульд миний ордог  монгол амьдрал ахуй, соёл урлагийг таниулдаг хичээл юм. Тэр хичээлээр хүүхдэд Монгол Улсын тухай танилцуулна. Монгол гэдэг ийм ийм уур амьсгалтай, ийм гайхалтай байгальтай, хүүхдүүд нь ингэж өсөж хүмүүждэг, Улаанбаатар гэж ийм нийслэл хоттой, хөдөө холын аймгуудад  хүүхдүүд ингэж хичээлдээ явдаг, монгол хүүхдүүд сурах их дуртай. За, тэд шагайгаар ингэж  тоглодог, аав ээждээ ингэж тусалдаг, ааруул бяслагаа ингэж шахдаг гээд л ярина. Үзүүлэн бэлтгэнэ, танилцуулна.

Франц хүүхдүүд ослет гэж шагайг мэддэг юм билээ, дээр үед тоглож байсан гэж ярьдаг. Монгол Улсын газрын зургаар эвлүүлдэг тоглоом тоглуулна, монгол үндэсний хувцастай буддаг номыг хэвлэж будуулна. Мөн аав, ээж, бас өөрсдийнх нь нэрийг худам монгол бичгээр бичиж өгнө. Тэгэхэд тэд маш дуртай  сайн ойлгож сонсдог сурдаг. Өмнө нь  би монгол хэлний яриа техник заадаг байсан бол одоо соёл иргэншлийн хичээл ордог болсон. Франц хүүхдүүд “сайн уу багшаа” гээд мэндэлдэг бас өвөр дээр минь сууж эрхэлнэ, зарим нь хацраар минь тоглоно. Хөөрхөн шүү тэдэнтэй ажиллах, за тэгээд үлдсэн минутад дуу дуулах эсвэл үлгэр уншиж өгдөг. Миний хичээлд 15-20 хүүхэд суудаг, хичээлдээ маш их дуртай.

-“Хайрын тэнгэр чамайг орхидоггүй” гэж сайхан дуу үзэгч, сонсогчдод хүрээд удаагүй байна. Түүнээс хойш ямар шинэ уран бүтээл хийж байна вэ?

-Энэ дууны үгийг манай “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн бичсэн. Лхагваа маань Түмээ бид хоёрын амьдралыг мэддэг болохоор үнэхээр мэдэрсэн. Г.Онон гээд залуугаар ая зохиолгохдоо бид хоёрын амьдралыг ярьсаар байсан гэсэн. Лхагваадаа их баярлаж байгаа. Намайг очиход Г.Онон бодолд ороод харамсангуй сууж байсан юм. Одоогоор тоглолт гээд шинэ уран бүтээл хийх завгүй л явж байна даа.

-Тоглолтын тасалбар аль хэдийн зарагдаад эхэлсэн үү?

-Тоглолтын тасалбарыг ticket.mn борлуулж байгаа. УДБЭТ цөөхөн суудалтай учраас үзэгч та авч амжаагүй бол эртхэн аваарай. Францын дуучин бид хоёр үнэхээр сайхан тоглолт, дуулалтыг үзүүлнэ. Нэг л удаа, бүх энергиэрээ даацтай тоглолт үзүүлнэ. Мөн тасалбарыг 1900-1800 үнэгүй хүргэж өгнө. Тоглолтын бэлтгэл хийж байхад хүмүүс сонсоод сайхан үг хэлж урам хайрлаж байгаа болохоор бид эрч хүчээр дүүрэн байна.

-Ямар ямар байгууллага дэмжин ажиллаж байгаа вэ?

-Тоглолтыг БСШУСЯ-ны Соёл урлагийг дэмжих сан, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол эх орны маань бахархал болсон “МИАТ” ТӨХК, "Хөвсгөл лэйк зочид буудал",  мөн Франц улстай хамтран ажилладаг ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөдөг “Эмимпэкс концерн”  зэрэг олон байгууллага, мөн мэдээж радио, телевиз, сонин сэтгүүл гээд хэвлэл мэдээллийнхэн маань дэмжиж байгаа. Мэргэжлийн франц дуучин анх удаа ирж байна, бид хамтдаа сайхан тоглолт үзүүлэх гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа шүү. Та нар минь ирж үзээрэй гэж үзэгчиддээ уриалмаар байна.

-Энэ тоглолтоо та хоёр өөр оронд тоглох бодол бий юү?

-Франц улсад хэд хэдэн удаа тоглосон. Дараа нь БНХАУ, БНСУ, ОХУ-д тоглохоор төлөвлөж байгаа.

- Танд амжилт хүсье.

- Баярлалаа.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт бүс

Тайванид 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ

Огноо:

,

Тайванид 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн гамшгийн улмаас нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж, гэмтсэн байна.

Орон нутгийн өдөр тутмын сонины мэдээлснээр, "Тароко" үндэсний паркад алхаж байсан гурван хүн хөрсний гулгалтаас болж амь насаа алджээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 25 сая хүн үйлчлүүлдэг хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ тасалдсан байна. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед баригдсан сургуулийн барилгын хана, хийц бүтэц гэмтсэн аж.

1999 оны есдүгээр сарын 21-ний өдөр 7.7 магнитудын газар хөдлөлтийн аюулт үзэгдэл тохиолдож 2400 хүн амь үрэгдэж, 100 мянган хүн бэртэж гэмтсэн олон мянган барилга байгууламж сүйдэж байсан түүхэн гамшгаас хойш тохиолдож буй хоёр дахь том газар хөдлөлтийн аюулт үзэгдэл болсныг нутгийн удирдлагууд хэллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Мөнгөн ус асгарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ

Огноо:

,

Мөнгөн ус агуулсан халууны шил хагарсан тохиолдолд цэвэрлэгээ хийхдээ анхаарах зүйлс:

Мөнгөн усны уураар амьсгалахаас сэргийлж маск зүүнэ.

Мөнгөн усаар бохирдсон хувцсыг устгах шаардлагатай тул хуучин, муу хувцсаа өмсөх хэрэгтэй.

Мөнгөн ус нь металлтай амархан нэгдэж урвалд ордог тул гарын хуруу, бугуйн дах үнэт эдлэлээ тайлж тавина.

Хагарсан халууны шилийг цэвэрлэх арга

Цэвэрлэгээ хийхийн өмнө хуучин хувцас, резинен бээлий өмсөж, маск зүүнэ.

Мөнгөн ус асгарсан талбайг чөлөөлөх: Өрөөнд байгаа хүмүүсийг гарган, хаалгыг хаана. Мөнгөн усны уур өрөөгөөр тархахаас сэргийлэн агааржуулч, халаагчийг унтраана.

Мөнгөн ус асгарсан талбайн бүтцийг тодорхойлох: Модон, хулдаасан, пильтан гадаргуу нь цэвэрлэхэд хялбар байдаг. Харин хивс, даавуу, хөшигний гадаргууг цэвэрлэж болохгүй учир хуулж, өрөөнөөс гаргана.

Резинен бээлий өмсөнө. Шилний хагархай, үзүүртэй зүйлсийг болгоомжтой цуглуулж цаасан алчуурт боон түгжигддэг гялгар уутанд хийж мөнгөн усаар бохирдсон зүйлс гэж хаяглана.

Мөнгөн усны дуслуудын байрлалыг тогтоож, цуглуулах: Мөнгөн усны бүх дуслуудын байрлалыг тогтоосны дараа гялгар гадаргуутай хөзрөөр цуглуулна. Мөнгөн усны дусал тархахаас сэргийлж маш зөөлөн хөдөлгөөнөөр болгоомжтэй хамна. Жижиг дуслуудыг гар чийдэнгийн тусламжтайгаар байрлалыг нь тогтооно. Харанхуй өрөөний шал руу бага зэргийн өнцөг гарган гэрлийг тусган харахад шалны гадаргуу дээр мөнгөн усны дусал гялалзаж харагдана. Мөнгөн усны дуслууд нь хатуу гадаргуу дээгүүр их хол зайд тархдаг тул өрөөг бүхэлд нь сайтар шалгах хэрэгтэй.

Нүдний дусаагуур ба наадаг цаас хэрэглэх: Мөнгөн усны дуслуудыг соруулахын тулд зүүгүй тариур эсвэл нүдний дусаагуур хэрэглэнэ. Соруулсан мөнгөн усыг агаар үл нэвтрүүлэх тагтай, хагардаггүй хуванцар саванд аажмаар хийж сайтар таглан түгжигддэг гялгар уутанд хийнэ. Уутны гадна талд мөнгөн ус агуулсан зүйлс гэж хаяглана.

Том хэмжээний дуслуудыг зайлуулсны дараа, наадаг цаасаар мөнгөн усны жижиг дуслуудыг цуглуулна. Наадаг цааснуудыг түгжээтэй гялгар уутанд хийнэ. Нунтаг хүхэр эсвэл цайр нь мөнгөн усыг хар өнгөтэй болгох ба энэ нь жижиг дуслуудыг харахад хялбар болгоно. Эдгээр нунтгаар амьсгалахгүй байх хэрэгтэй.

Эцсийн устгал: Цэвэрлэгээнд хэрэглэгдсэн бээлий болон бүх материалуудыг шингэн нэвтэрдэггүй уут, хуванцар саванд хийж, лацдан тодорхой хаяглана. Ус нэвтэрдэггүй уутанд хийсэн мөнгөн усаар бохирдсон зүйлсийг орон нутгийн эмнэлгийн хорт бодис цэвэрлэх үйл ажиллагаа хариуцсан менежерт хүлээлгэн өгч эцсийн устгал хийнэ.

Агааржуулалт хийх: Цэвэрлэгээг хийж дуусгасны дараа өрөөний цонхнуудыг онгойлгон 24 цагийн турш сайтар агааржуулна. Мөнгөн усанд хордсон шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Хуурамч мөнгөн тэмдэгтээс сэргийлье

Огноо:

,

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “......банканд гадаад улс руу шилжүүлэг хийх зорилгоор 20 ширхэг 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийх гэсэн боловч хуурамч евро байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус мэдээллийг шалгахад Монгол Улсын иргэн Ц, гадаад улсын иргэн Ш нар нь зарим арилжааны банк болон валют солих үйлчилгээ эрхэлдэг газруудад хуурамч байж болзошгүй “евро” гэх мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр солиулсан байж болзошгүй ба дээрх этгээдүүдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр16 цаг 14 минут

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” ...

Тод мэдээ16 цаг 25 минут

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Тод мэдээ16 цаг 29 минут

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна

Өнөөдөр16 цаг 42 минут

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Өнөөдөр16 цаг 58 минут

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

Тод мэдээ2024/04/16

“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг а...

Тод мэдээ2024/04/16

Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсы...

Тод мэдээ2024/04/16

“Хот мандал- нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнги...

Тод индэр2024/04/16

Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой...

Тод мэдээ2024/04/16

Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Тод мэдээ2024/04/16

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн...

Тод мэдээ2024/04/16

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хаш...

Өнөөдөр2024/04/16

Амьдрах орчин нөхцөлөө иргэдийн оролцоотой сайжруулъя!

Өнөөдөр2024/04/16

"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй ду...

Өнөөдөр2024/04/16

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Тод мэдээ2024/04/15

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр зогсоон...

Тод мэдээ2024/04/15

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гарга...

Тод мэдээ2024/04/15

Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна

Тод мэдээ2024/04/15

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Өнөөдөр2024/04/15

Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна

Өнөөдөр2024/04/15

Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олжээ

Тод мэдээ2024/04/15

"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлө...

Өнөөдөр2024/04/15

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

Тод мэдээ2024/04/12

Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг да...

Тод мэдээ2024/04/12

“Парис-2024” зуны олимпын наадмын 10, паралимпын дөрвөн ...

Тод мэдээ2024/04/12

Он гарсаар 3836 гадаадын иргэн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авч...

Тод мэдээ2024/04/12

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг то...

Тод мэдээ2024/04/12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж...

Өнөөдөр2024/04/12

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ...

Өнөөдөр2024/04/12

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох