Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд оролцож ногоочид, үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Тэд борлуулалт тааруу байсан ч үзэсгэлэн эхэлснээс хойш нэмэгдэж байна гэв. Энэ сарын 16-нд 24,5 сая, 17-нд 78,9 сая, 18-нд 110,8 сая, нийт 214,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Үзэсгэлэнд оролцож байгаа ногоочдын хувьд эх орныхоо хөрсөнд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулж байгаа ч ургацаа хадгалах стандарт хангасан зоорь дутагдалтай байгааг ярьж байлаа. Энэ жилийн хувьд манай улс төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж, илүү гарсан ногоогоо нөөцлөх бодлого барьж байна.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Энэ жил хөдөө аж ахуйн салбарын хувьд түүхэн жил болж байна. Манай улс улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногоогоо 60 хувь дотоодоосоо хангах урьдчилсан төлөв гарсан. Манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн. Үүгээр тооцоолбол, 200 орчим мянган тонн ургац илүү авахаар байна. Тиймээс бид цаашид зөвхөн импортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарах биш экспортыг дэмжих бодлого барина. Хүнсний нөөц бүрдүүлж, томоохон зоориуд байгуулах, өвлийн хүлэмж барихад анхаарна” гэлээ. Мөн цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа ч дэмжих бодлогыг тууштай баримталж байна. Иргэн та бидний хамтын ажиллагаа энд чухал. Хамтдаа хичээцгээе хэмээн Ерөнхий сайд уриаллаа.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээгээр үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж хүртэж, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авахаас гадна салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн мэдээллийг өгч байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, төрийн байгууллага хооронд бизнесийн гэрээ хэлцэл хийх арга хэмжээнүүд ч зохион байгуулагдана. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үзэсгэлэнгийн талбайд өглөө, оройд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.



Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд болж буй 30 дахь удаагийн “Номын баяр”-т оролцож, зохиолчдын асраар зочиллоо. Номын баяр жил ирэх бүр хүрээгээ тэлж хуучин ном, англи хэлээр хэвлэгдсэн ном зохиол, уран зохиол, түүхэн, мэргэжлийн, судалгааны ном бүтээлүүд, “Зохиолчдын асар” зэргээр төрөлжжээ.
Тухайлбал, “Монголын зохиолчдын эвлэл”-ийн асарт ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав нар зохиол бүтээлээ дэлгэн тавьж уншигчидтайгаа уулзаж байна. Тэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд “Номын баяр”-т хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж уран бүтээлийнхээ дээжээс бэлэг болгон өглөө.

300 гаруй зохиолч, сэтгүүлч, аж ахуйн нэгж оролцсон “Өдөр бүр уншъя” уриатай “Номын баяр” гурван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэж заасны дагуу “Номын баяр” албан ёсны тэмдэглэлт өдөр болж жилд хоёр удаа зохион байгуулагдаж байна.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
