Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнэ: Монгол-ОХУ-ын хамтын ажиллагааны шинэ 100 жил эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Энэ жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг их том тоо. Ирэх 100 жил хоёр улсын хувьд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргах ёстой. Цар тахал дэлхий нийтэд хөдөлгөөний удаашрал бий болгосон. Бид цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлэн байх нь чухал. Хасах 5.3 хувьтай байсан эдийн засаг өнөөдөр 6.3 хувьтай болоод байна. Одоо бүгдээрээ төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг хуудсыг хамтдаа бүтээе. Үүний тулд би гадаадын хөрөнгө оруулагч нараасаа уучлалт гуйсан. Бид гадаад хөрөнгө оруулагч нартай таагүй ханддаг гээд олон асуудал гаргасан. Одоо үүнийг өөрчилж, төр шийдвэр гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчидтайгаа уулздаг болно. Цар тахлын хүнд үеийг давж, ДНБ-ээ хоёр дахин нэмэхийн төлөө ажиллана" гэлээ.

Монгол, Оросын харилцааны олон салбар дотроос худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тааруу байгааг Ерөнхий сайд яриандаа дурьдаад манай улсын экспортын бүтцэд 1992 онд ОХУ 58.5 хувийг эзэлж байсан (БНХАУ 17.8 хувь) бол 2019 онд ОХУ-ын эзлэх хэмжээ 0.9 хувьд хүрсэн (БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь) үзүүлэлттэй байгааг хэллээ. Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2009 оноос Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2019 он хүртэлх өнгөрсөн 10 жилийн хоёр орны харилцааг харахад 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсныг эс тооцвол бодитой үр дүн гараагүй гэх шүүмжлэл бий. Иймд хоёр талын худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах нэг гарц нь ОХУ багтдаг Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах юм байна.

Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов "Манай хоёр улсын хувьд хууль, эрх зүй, улс төрийн хувьд маргаан байхгүй. Монгол-ОХУ-ын харилцааны 100 жил хоёр улсын ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Хоёр улсын харилцааны шинэ зууныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаагаар эхлүүлж байна гэж ойлгосон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах хэлэлцээ хийсэн. Энэ удаагийн айлчлал 2019 оных шиг үр дүнтэй болоосой. Энэ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө. Би Ерөнхий сайд таны хэлсэнтэй санал нэг байна. Манай хоёр орон улс төр, хүмүүнлэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хоцрогдолтой. Танай улсын худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин сайн. Тэгэхээр хоёр улсын худалдааны эргэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ. Нэгдүгээрт, хоёр улсын экспорт төстэй учраас зах зээл рүү ижил бараа бүтээгдэхүүн экспортолдог. Дээрээс нь худалдааны баланс алдагдсан. Жил бүр Монгол Улс ОХУ-аас нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Гэхдээ Монголоос гарч буй экспорт маш бага. Үүнд та бүхэн анхаарал хандуулаач. Нэн тэргүүнд хилийн бүс нутгийн худалдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Энэ бүс нутагт Монгол Улсын худалдан авалтын 70 хувь бий. Тиймээс хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна" гэлээ.
Цаашид хоёр улс эрчим хүчний супер сүлжээ байгуулах төсөл, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд мартахгүй байх хэрэгтэйг Элчин сайд И.К. Азизов мөн онцолж байсан юм.

Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, цахилгаан хангамж, автозам шийдэгджээ. Өнөөдрийн байдлаар энэ бүсэд 26.5 тэрбум төгрөгийг 2003-2012 он хүртэл улсын төсвөөс оруулжээ. Одоогоор 126 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 63 нь 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд 1.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тус бүсэд 20 аж ахуйн нэгж 60-аад ажлын байр бий болгож, байнгын үйл ажиллагаа явуулдаг. Гаалийн хяналтын нэгдсэн системд холбогдож, цахилгааны асуудлаа бүрэн шийдүүлэх төсөв хэрэгтэй байгааг Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа хэлж байлаа.
Харин бизнес эрхлэгчид ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн татвар 40-45 хувь байдаг. Үүнийг бууруулж өгөх хүсэлт тавьж байсан юм.

Ингээд уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулж, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эдийн засгийн үндэслэлийг судлах ажлыг эрчимжүүлэх болно. Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулж, шинэ шатанд гаргахад Оросын Худалдааны төлөөлөгчийн газрын оролцоо чухлыг дурьдаад бизнес эрхлэгчдэд хандан "Бүх зүйл тодорхой байвал Засгийн газраас шийдвэр гарч болно. Хамгийн гол нь энд тэнд яриад орхих биш санаануудаа нэгтгээд концепц болгох нь чухал. Манайхан хөрөнгө оруулалт яриад байдаг. Гэтэл манайд ТЭЗҮ нь хийгдсэн төсөл байдаггүй. Тэгэхээр илүү мэргэжлийн байхад хандлагаа чиглүүлье" хэмээлээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2025/01/30
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Х...
-
Дэлхий нийтээр..2020/06/11
Сургагч багш бэлтгэлээ
-
Үйл явдал2025/05/28
УИХ: Өнөөдөр болох байнгын хорооны хуралдаан
-
Үйл явдал2024/04/15
Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна
