Тод мэдээ
Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шавыг тавилаа

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синг нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд 864м2 талбай бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд 700 гаруй хүнийг ажлын байраар хангах юм. Барилгыг ирэх онд ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд сурталгүй, авлигагүй, цахим засаглалыг бий болгох Засгийн газрын зорилгын хүрээнд хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт, IT, мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг бэлтгэх шаардлагатай байгаа. Аутсорсингийн төв нь үүнд ихээхэн хувь нэмрээ оруулах чухал төсөл гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолсон.
Элчин сайд хоёр улсын хамтарсан энэхүү төслийг хэрэгжүүлснээр цахим Монгол хөтөлбөрт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Мөн тэрбээр IT, аутсорсинг, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид 16 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж хамтарч ажиллана гэлээ.
Төслийн ач холбогдол:
- Монгол залуус эх орондоо мэдээлэл харилцаа холбоо, технологийн чиглэлээр чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэнэ,
- Сүүлийн үеийн технологийн мэдлэг, ур чадварын үндэс суурийг Монгол Улсад нэвтрүүлэх,
- Орчин үеийн мэдээллийн технологийн орчинг ашиглан дэлхийн стандартад нийцсэн боловсрол олгох,
- Бизнесийн шинэ боломжууд нэмэгдэж, дэлхийн стандартын дагуу ажиллан аутсорсингийн үйлчилгээнээс орлого олох боломжийг бүрдүүлэх юм.
Эх сурвалж: БШУЯ
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод индэр2019/09/20
Мөрдэстэй 1000 бүсгүйн чуулга уулзалт өнөөдөр болно
-
Тод мэдээ2023/08/22
УГТЭ: Эмч нарын багийн эхний ээлж Завхан, Говь-Алтайд 9 хоног ажиллана
-
Тод мэдээ2025/05/19
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзаад байна
-
Тод мэдээ2022/02/14
БШУЯ: Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана