Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улсын төр, засгийн зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллах бодлогыг тууштай баримталж буйгаа тэмдэглэн хэллээ.

Ноён Вэй Фөнхө, цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, БНХАУ, Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав. Тэрбээр, Төрийн тэргүүн Си Зиньпиний зөвшөөрлөөр цар тахлын үед энэхүү айлчлалыг хийж буйгаа дурдаад, хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан тохирсоныг ажил хэрэг болгон БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Цар тахлын нөхцөлд болж байгаа энэхүү айлчлал нь хоёр талын онцгой харилцааны илэрхийлэл хэмээн үзэж буйгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэмдэглэн хэллээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны долдугаар сарын 16-ны өдөр утсаар ярьж, хоёр улсын харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэх, гүнзгийрүүлэх сонирхлоо нотолж, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярихдаа хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн төлөө илүү идэвхтэй ажиллах, БНХАУ-ын тал Монгол Улсаас уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр импортлох, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үлгэр жишээ, чанартай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх болон цөлжилт, шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж байлаа. Төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр хүрсэн эдгээр тохиролцоог бодит ажил хэрэг болгоход монголын тал өндөр ач холбогдол өгч, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж буйг Улсын Их Хурлын дарга дурдсан.
Төрийн тэргүүн нар түүнчлэн хоёр талын олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, механизмын хүрээнд явуулж ирсэн ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжүүлэхийн төлөө байгаагаа нотолсныг тэрбээр мөн тэмдэглэн хэллээ.

Цар тахлын үед БНХАУ-ын эдийн засгийн хөгжил тогтвортой байгааг ноён Вэй Фөнхө онцлоод “Манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үр ашгийг хөрш улсын хувиар Монгол Улс ч хүртэж, хамтдаа хөгжинө хэмээн найдаж байна. Манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа нь эдийн засгийн харилцан ашигтай, үр нөлөөтэй байна гэдэгт итгэлтэй байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Та хоёр орны харилцааг өндрөөр үнэлж буйд гүн талархал илэрхийлье” гэлээ. Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын бүх түвшний харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрнэ гэдэг найдаж байгаагаа тэмдэглэн хэлсэн.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэв.
Батлан хамгаалын салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улс төрийн харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхтэй шууд холбоотой байдгийг мөн онцлон дурдав.
Монгол Улсын “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын зүгээс үнэтэй дэмжлэг үзүүлж, эмнэлгийн хэрэгсэл, эд материал болон вакцины олон удаагийн тусламж үзүүлсэн, түүний дотор БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шугамаар вакцины тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинаар хүн амынхаа дийлэнх хувийг богино хугацаанд вакцинд хамруулсан нь “Ковид-19”-ийн тархалт, эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснийг Г.Занданшатар дарга уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч, хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/09/26
Ерөнхий сайд зүүн аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэм...
-
Дэлхий нийтээр..2023/05/19
НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын мэргэжилтнүүд Монголд ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2022/01/19
Эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2023/09/29
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
