Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийг чөлөөлж, Я.Содбаатарыг томилов. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлж, Ж.Энхбаярыг томилов.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАРЫН НАМТАР:
Янгуг овогтой Содбаатар нь 1974 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, ШУА-ийн харьяа Технологийн дээд сургууль /одоогийн Улаанбаатар Их Сургууль/-ийг физикч-инженер мэргэжлээр, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистрантур, Монгол Улсын Боловсролын их сургуулийн докторантурыг тус тус дүүргэсэн. Физикч-инженер мэргэжилтэй, түүхийн ухааны доктор. ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр 2016-2020 сонгогдон ажилласан бөгөөд одоо ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.
- 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1999-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2005-2008 онд Үйлдвэр худалдааны яамны дэд сайд,
- 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, Улсын ерөнхий байцаагч,
- 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга,
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
- 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар тус тус ажилласан.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ЭНХБАЯРЫН НАМТАР:
Жадамба овогтой Энхбаяр нь 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй.
- 1996-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал,
- 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга,
- 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга,
- 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх,
- 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга,
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар тус тус ажилласан.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2021/10/07
Аж ахуйн нэгжүүд 45 хоногийн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ
-
Дэлхий нийтээр..2021/12/07
Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж байна
-
Дэлхий нийтээр..2020/09/05
Тосонцэнгэлд гарсан сэжигтэй тохиолдол тарваган тахал болох нь батлагджээ
-
Дэлхий нийтээр..2024/09/27
Сэлбэ дэд төвийн барилга угсралтын тендерийн үнэлгээний хороо хуралдлаа
