Дэлхий нийтээр..
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан явуулсан гэдгийг санал, дүгнэлтэд дурдсан юм. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Ж.Мөнхбат, Н.Учрал нар ажиллажээ. Байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, уран бүтээл, мэргэжлийн төрийн бус байгууллагын санал, бусад орны сайн туршлагыг судалж, бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн тус салбарыг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинээр бүлэг нэмсэн байна. Түүнчлэн Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн зөвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгажээ. Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Булгантуяа, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, хариулт авав. Кино урлагийн зөвлөлийн талаар тодруулсан гишүүний асуултад Ч.Номин сайд хариулт өглөө. Төслийн 9 дүгээр зүйлд тус зөвлөлийн бүтэц, бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг тусгасан байна. Кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох болон тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүргийг Кино урлагийн зөвлөл хэрэгжүүлэх юм байна. Зөвлөл нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл 4, кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчийн төлөөлөл бүхий 7 гишүүнтэй байх аж. Мэргэжлийн төрийн бус байгууллага нь кино урлагийн чиглэлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэнийг энэ хуулийн 6.1.4-т заасан журмын дагуу дээрх зөвлөлд нэр дэвшүүлэх юм байна. Монгол соёлыг олон улсад түгээхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгасан, гэхдээ “Кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төсөл шалгаруулах шалгуур үзүүлэлт” гэсэн 10 дугаар зүйлийн 10.1-т “Монгол болон хамтарсан кино төслийг жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн байгаа нь зөвхөн монгол хэлээр туурвисан байх шаардлага тавьсан нь хязгаарлагдмал зохицуулалт болох эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Төсөл дэх Кино урлагийг дэмжих сан нь зөвхөн монгол уран бүтээлчдийг дэмжих зорилгоор эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт олгох, эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулна гэдгийг Ч.Номин сайд тайлбарлалаа.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 30 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
