Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Хийн хоолойн төсөл хоёр улсын харилцаа, гурван талын хамтын ажиллагааны томоохон бүтээн байгуулалт болно

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчлал хийгээд ирсэн. Энэ талаарх  ярилцлагыг ГХЯ-ын сайтад нийтлэгдсэнээр та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

Та саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлалын талаар Монгол, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэлээд их мэдээ, нийтлэл гарлаа. Амжилттай сайн айлчлал болсон гэдэг дээр бүх хүний санал нэгдэж байх шиг байна. С.Лавров сайдтай хийсэн энэ удаагийн хэлэлцээ ямар онцлогтой болсон бэ?

-Миний бие ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлаад ирлээ. Айлчлал амжилттай болсон гэдэгтэй санал нийлж байна. Ер нь аливаа гадаад айлчлалыг маш нарийн няхуур бэлтгэдэг. Гадаад харилцааны сайдын айлчлал бусад салбарын сайдуудын айлчлалаас өөр онцлогтой. Учир нь бүх салбарын хамтын ажиллагаанаас гадна Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцдэг. Энэ утгаараа айлчлалын бэлтгэлийг хангахдаа бид холбогдох бүх яам, байгууллагуудаас санал авч, олон талын судалгаанд үндэслэж, олон чиглэлийн асуудлаар өөрсдийнхөө байр суурийг нэгтгэн нягталсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн сүлжээгээр айлчлалын талаар мэдээ их гарсан. Манай иргэд энэхүү айлчлалд ингэж анхаарал хандуулж байгаа нь Монгол, Оросын харилцаа монголчууд бидний хувьд чухал байдгийн нэгэн жишээ гэж бодож байна.

Энэ удаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийхдээ Монгол, Оросын иж бүрэн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх боломжийн талаар ярилцсаны дотор олон жил ярилцсан ч эцэслэн шийдэж чадаагүй байгаа  зарим ужиг асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, манай талын байр суурийг оросын талд илүү тодорхой тайлбарласан. Цаашид дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлалууд, төрийн тэргүүн нарын уулзалтын талаар тодорхой ойлголцолд хүрч, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээнүүдийг оны үлдсэн хугацаанд төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр тохиролцсон.  Гадаад харилцааны яамны төлөвлөж зохицуулдаг гол ажлын нэг нь дээд түвшний айлчлалын ерөнхий товыг тохирч, бэлтгэлийг хангах явдал байдаг. С.Лавров сайдтай хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцсон.

Би түүнчлэн ОХУ-ын Ерөнхий­лөгчийн туслах И.Е.Левитин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, В.В.Абрамченко нартай болон бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, гурван талын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг ярилцсан.

Айлчлалыг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн тул ёслол хүндэтгэл, соёлын арга хэмжээ харьцангуй олон байснаараа онцлог байлаа. Тухайлбал, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын төрийн шагнал гардуулах ёслолд С.Лавров сайдын хамтаар оролцлоо. Ж.Гүррагчаа баатартай олон жил дотно нөхөрлөсөн ОХУ-ын сансрын домогт баатрууд болох В.А.Жанибеков, В.А.Бабушкин, В.П.Савиных нартай нэг дор уулзаж ярилцах завшаан тохиосон нь надад хувийн хүний хувьд мартагдашгүй, сайхан дурсамж үлдээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитинг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасныг миний бие мөн айлчлалынхаа үеэр гардуулсан. И.Е.Левитин манай улстай олон жил хамтран ажиллаж, Тээврийн сайд байхдаа Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар ажиллаж байсан, манай хоёр улсын харилцааны хөгжилд одоо ч ихээхэн тус дэмжлэг үзүүлдэг хүн болохыг мэдэх байх.

Манай төлөөлөгчдийг Санкт-Петербург хотноо ажиллах үеэр Оросын Үндэсний номын санд нээгдсэн “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэн, Рерихийн гэр бүлийн музейд нээгдсэн “Өнгөлөөгүй аяга” сэдэвт үзэсгэлэнгүүд нь хоёр улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжууллаа.

-Айлчлал Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсон гэлээ. Мэдээж өнгөрсөн 100 жилийн харилцаагаа дүгнэсэн байх. Дараагийн 100 жилд хоёр талын харилцаа нэг иймэрхүү байна гэж төсөөлөх боломжтой юу?

-Монгол, Оросын харилцаа өнгөрөгч 100 жилийн туршид бүтээн байгуулалтаар дүүрэн байсан. Манай улсын үйлдвэрлэл, газар тариалан, хот байгуулалт, геологи, соёл, боловсрол гээд бүх л салбарт хөгжил дэвшлийг авчирсан он жилүүд байлаа. Монголын ард түмэн үүнд талархаж явдаг. Мөн манай хоёр улс соёл, хүмүүнлэгийн өргөн харилцаатай, ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгий байдаг нь хоёр талын харилцааны чухал онцлог шинж. Манай мянга мянган оюутан залуучууд зөвлөлтийн их, дээд сургуулиудад суралцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан.

Цаашид ч энэ онцлогийг хадгалах нь чухал гэдэг дээр оросын тал санал нэгддэг. Дараагийн 100 жилдээ харилцааны түүхэн энэ онцлогийг хойч үедээ өвлүүлж, олон шинэ салбарт хамтран ажиллах боломж их байна. Ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, шинэ томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй.

ОХУ-ын “Газпром” компанитай ОХУ, БНХАУ-г холбосон хийн хоолойг манай улсын газар нутгаар дайруулахаар тохиролцож, судалгааны ажлыг эхлүүлээд байгааг бид бүхэн мэднэ. Айлчлалын үеэр манай төлөөлөгчид “Газпром” компанийн тэргүүн А.Миллертэй уулзаж төслийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. Энэ төсөл манай хоёр улсын харилцаа, гурван талын хамтын ажиллагааны шинэ зууныг төлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох нь дамжиггүй.

-Энэ хийн хоолойн төсөл ер нь манайд хэр ашигтай төсөл вэ. Байгаль орчин, бэлчээрт сөргөөр нөлөөлөх үү?

-ОХУ-ын хувьд энэ бол томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил. Хоёр хөршийг холбосон эдийн засгийн төсөл санаачилгаас хоцролгүй, түүнд оролцож байх нь манай улсын ашиг сонирхолд нийцнэ. “Газпром” компанийн хийсэн урьдчилсан судалгаагаар хийн хоолойг барьж ашиглах нь эдийн засгийн үр өгөөжтэй гэж гарсан. Одоо техник, эдийн засгийн нарийвчилсан үндэслэл дээр ажиллаж байна. Цаашид төслийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай болно. Манай Засгийн газар энэ ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Хийн хоолой нь стратегийн чухал ач холбогдолтой, аюулгүй байдлын өндөр шаардлага тавигддаг объект. Энэ хоолойг барих, ашиглах, засварлах зэрэг үе шат болгонд нь техникийн болон хууль, эрх зүйн нарийн тохируулга хийх шаардлага гарна. Улаанбаатар төмөр замын дагуух суурин газар, бэлчээрийг хамгаалах тухай дүрэм журам байдаг. Хийн хоолойн хувьд ч түүнтэй ижил төстэй олон төрлийн шаардлага тавигдана. Тиймээс “Газпром” компанийн тэргүүн А.Миллертэй уулзах үеэр хийн хоолойн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцсон. Байгалийн хий экологийн хувьд хамгийн аюулгүй эрчим хүчний эх үүсвэр. Хийн хоолой баригдсан тохиолдолд дагалдах дэд бүтэц бий болж, олон ажлын байр бий болно. Хийн хоолойн инженерүүд, энэ салбарын бусад боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэхээр ярилцаж байна.

-Монгол Улс ШХАБ-д элсэхгүй, одоогийн ажиглагчийн статусыг хэвээр хадгална гэдгээ оросын талд мэдэгдсэн гэж сонин хэвлэлээр гарсан. Ажиглагчийн статусыг цаашдаа баримтлах нь зүйтэй гэж та бодож байна уу?

-ШХАБ нь Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны чухал байгууллага юм. Тус байгууллагын хүрээнд тодорхой чиглэлээр хамтран ажиллах нь манай улсын эрх ашигт нийцнэ гэж үздэг. Ийм учраас бид ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч статустайгаар оролцож, чингэхдээ худалдаа, эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаанд нь түлхүү анхаарал хандуулж ирсэн. ШХАБ-ын гишүүн орнуудын зүгээс манай улсын тус байгууллага дахь статусыг дээшлүүлэх саналыг тавьж ирсэн. Бид мөн энэ асуудлыг судлаж,  сүүлийн жилүүдэд манай улсын судлаачид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг явагдаж байна. Одоогийн байдлаар манай улс ШХАБ-тай ажиглагчийн статустайгаар хамтран ажиллах нь хамгийн зохистой гэсэн байр суурь давамгайлж буйг би илэрхийлсэн. Бид цаашид ч тус байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагыг анхааралтай ажиглахын зэрэгцээ харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллах болно.

-ШХАБ-аас гадна Евразийн эдийн засгийн холбоонд манай улсыг гишүүнээр элсүүлэх сонир­хол манай хойд хөршид байдаг гэсэн. Хэлэлцээний үеэр ийм асуудал сөхөгдөж яригдсан уу?

-Зөвхөн ОХУ төдийгүй Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бүх оронтой хоёр талын уулзалт хийхэд тус холбоотой хамтран ажиллах асуудлыг тодорхой хэмжээнд ярилцдаг. Энэ удаагийн айлчлалын үеэр ч ярилцсан. Евразийн эдийн засгийн холбоо, манай улсын хооронд хамтран ажиллах тусгай механизмыг бид 2016 онд байгуулан, хамтарч ажилладаг. Хамтарсан ажлын хэсгийн түвшинд худалдаа, эдийн засгийн асуудлуудыг ярилцдаг уламжлалтай.

ОХУ-тай хийж буй худалдаа цар тахлын өмнө хоёр тэрбум ам.доллар орчимд хүрч байсан ч нийт худалдааны эргэлтийн 90 хувийг нь ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлж буй импорт бүрдүүлж байсан. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дийлэнхи хувь, өргөн хэрэглээний бараа, техник тоног төхөөрөмж зэрэг олон нэр төрлийн барааг ОХУ-аас худалдаг авдаг хэрнээ маш цөөн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр Оросын зах зээлд нийлүүлдэг тул хоёр улсын худалдаанд олон жилийн турш ихээхэн алдагдалтай явж ирсэн. Манай аж ахуйн нэгжүүд Оросын зах зээлд гарахад гаалийн өндөр татвар, тарифын бус саад зэрэг асуудлууд олон саад бэрхшээл тулгардаг. Тарифын бус саад тотгорын нэг жишээ болгож тохирлын гэрчилгээний шаардлагыг дурдаж болох юм. ОХУ-ын хууль журмын дагуу гадаадаас оруулж буй бараанд тохирлын гэрчилгээ шаарддаг. Энэ гэрчилгээг авахад гурван сар орчмын хугацааг зарцуулдаг бол гэрчилгээний хүчинтэй хугацаа зургаан сар байдаг.

Эдгээр асуудлыг шийдэх нэг гарц нь ОХУ багтдаг ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдал юм гэж үздэг. Тиймээс бид ЕАЭЗХ-той хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эдийн засгийн үндэслэлийг судлаж байна. Хамтарсан ажлын хэсэг энэ онд багтаан судалгааны ажлыг дуусгаж, үр дүнг танилцуулах зорилготой ажиллаж байна. Шинжээчдийн судалгааны үр дүнд тулгуурлан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх эсэх гэсэн дараагийн алхам, шийдвэрээ гаргах юм.

-Эгийн гол, Шүрэнгийн УЦС-ын талаар оросын хэвлэлд та нилээд сайн үндэслэлтэй байр суурь илэрхийлсэн байсан. Дээр өгүүлсэн интеграцийн бүтцүүдэд нь манай улс нэгдэхгүй болохоор оросын тал эдийн засгийн томоохон төслүүдэд саад хийдэг юм биш биз дээ?

-Хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаанд нөлөөлөх гадаад хүчин зүйл гэж байх ёсгүй. ШХАБ ч юм уу, бүс нутгийн өөр бусад интеграцид нэгдэхгүй бол хамтарч ажиллахгүй гэж бидэнд хэн ч, хэзээ ч хэлж байгаагүй. Аливаа байгууллагад элсэх эсэх нь манай улсын дотоод хэрэг тул Монголын талын байр суурийг хүндэтгэж үзнэ гэдгээ орос нөхөд маань байнга илэрхийлдэг.  Монгол, Оросын харилцаа онцгой шинж чанартай гэдгийг би дээр өгүүлсэн. Бид итгэлцэл, харилцан ойлголцолд тулгуурласан, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улс. Монгол Улсын хувьд ч, ОХУ-ын хувьд ч энэ харилцаа чухал ач холбогдолтой.

-Монголын төмөр замыг хөгжүүлэх болон бүтээн байгуулалтын бусад төслүүдэд оролцох бодит сонирхол оросын талд байдаг юм болов уу?

-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд өнөөг хүртэл хуримтлагдаад буй тодорхой бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Оросын талын хувьцаа эзэмшигч нь “Оросын төмөр замууд” компани. Хүндрэл бэрхшээлийг шат дараатайгаар шийдвэрлэхийн төлөө аль аль талаасаа ажиллаж байна. Манай улсаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор УБТЗ нийгэмлэг ашигтай ажиллаж байна. Гэвч хуучирсан суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, удирдлагын тогтолцоо үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд нь тээг болж ирсэн. Үүнийг шийдвэрлэх зорилгоор манай Засгийн газар багагүй санаачилга гаргаж байгаа.

Нөгөө талаар шинэ төмөр зам барих төслүүдэд Оросын талыг оролцохыг бид урьж байгаа. Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тойруу төмөр зам барих зайлшгүй шаардлагатай тул “Богдхан төмөр зам” төсөл чухал ач холбогдолтой. Айлчлалын үеэр би энэ бүхнийг Оросын талд тайлбарлаж, хамтран ажиллах санал тавьсан. Судалж үзээд нааштай хариу өгнө гэж найдаж байна.

-Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад та оролцсон. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог юу байв? Манай талаас ямар зорилго тавьж оролцов.

-Энэ удаагийн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт “цар тахлын дараах эдийн засаг” гэдэг сэдвээр болж өнгөрлөө. Цар тахал дэлхий нийтийн эдийн засагт маш их сөргөөр нөлөөлсөн. Цар тахлын дараа эдийн засгаа хэрхэн сэргээх вэ гэдэг бидний хувьд ч томоохон сорилт. Чуулга уулзалт цар тахлын үеийн онцгой дэглэмийн үед зохион байгуулагдсан ч эдийн засгийн бүх салбарт шинэ боломж, арга зам, түнш хайх, сайн туршлага судлахад чиглэсэн олон арга хэмжээ болж өнгөрлөө. Чуулга уулзалтад 140 орчим улсын төлөөлөл, Катар улс зочин статустай оролцож, компаниуд 3,8 их наяд рублийн өртөгтэй хамтын ажиллагааны 800 гаруй гэрээ байгуулсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцсон. Петербургийн энэ чуулга уулзалт бизнес эрхлэгчдэд түлхүү хандсан арга хэмжээ. Тийм болохоор чуулга уулзалтын хүрээнд Оросын төр засаг, томоохон хувийн хэвшлийнхэнтэй уулзах ховор боломж гарлаа. Энэ удаагийн чуулга уулзалтыг гибрид буюу хосолсон хэлбэрээр зохион байгуулсан нь анхаарал татсан. Гадаадын зарим зочид төлөөлөгчид арга хэмжээнүүдэд өөрийн улсаас цахим хэлбэрээр оролцсон. Олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулахдаа цаашид энэ хэлбэрийг ашиглах нь олон талын давуу талтай болох нь харагдлаа.

-Айлчлалын үеэр таныг хэвлэлд мэдээлэл хийхдээ монголоор ярьсан гэсэн шүүмж­лэл гарч байсан. Гэтэл сүүлд нь та Оросын телевизэд ярилцлага өгөхдөө оросоор ярьсан. Ер нь Гадаад харилцааны сайд ямар үед нь монголоор, ямар үед нь гадаад хэлээр ярих ёстой юм бэ?

-Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Тиймээс дээд, өндөр түвшний хоёр талын албан ёсны уулзалт, хэлэлцээг бид монгол хэлээр, орчуулгатай хийдэг. Харин олон улсын арга хэмжээнд англи зэрэг түгээмэл хэлээр голдуу ярьдаг. ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцээ, арга хэмжээний албан ёсны хэсгүүдэд монгол хэлээр орчуулгатай яриад, бусад үед цаг хэмнэх зорилгоор буюу богино хугацаанд илүү олон зүйл ярилцах үүднээс оросоор ярьсан.

-Монгол Улс хилээ нээгээд гадаад арга хэмжээ хэрэгжүүлэхэд харьцангуй гайгүй боллоо. Цаашид аль улсад айлчлах гэж байна вэ? 

-Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтэд амаргүй хэвээр байна. Шууд нислэгүүд бүрэн нээгдээгүй нөхцөлд гадаад арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа. Цаашид цар тахлын нөхцөл байдал намжиж, бусад улс оронтой харилцан тохирч хилээ нээсний дараа гол түнш орнуудад айлчлах, айлчлал хүлээж авах тухай бид ярилцаж байгаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Огноо:

,

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Огноо:

,

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв. 

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Санал болгох