Дэлхий нийтээр..
Хотын дарга үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтын II тундаа хамрагдаад байгааг хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Долдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй. Тэгж байж нийгэм, эдийн засгийн хувьд хэвийн амьдралдаа орно” гэдгийг онцолсон юм.

Үүний дараа үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон үүссэн нөхцөл байдлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод зургадугаар сарын 6, 7–ны өдрүүдэд орсон 20-25 см зузаантай цас, хур борооны улмаас зуслангийн бүсийн Сэлбэ, Толгойтын гол руу уулын цасны шар ус их хэмжээгээр бууснаар голын усны түвшин олон жилийн дунджаас давж үерлэсэн. Иймээс байшин, барилга, авто зам, талбайг үерийн усанд автахаас урьдчилан сэргийлж, аваарын нөхцөл байдалд 85 хүн, 15 машин механизмтай ажиллаж байна.

Үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байна
Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан 33 км, үерийн суваг 97 км, тосох байгууламж зургаа, зам талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ 85 км, үзлэгийн 1486 худаг, шүүрт 2044 худаг, хөрсний ус зайлуулах шугам, сүлжээ 13.8 км байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 67 хувь буюу 100 км орчим нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км нь 1987-2020 онуудад баригдсан байна. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16-н гол төв магистраль шугам нь 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй байдаг. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж бий. Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байна. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид үерийн аюултай бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүлжээ. Үргэлжилсэн борооны улмаас усны түвшин нэмэгдэж, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер болж, зам талбай, айл өрхийн хашаа, байшин усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газрууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Д.Сумъяабазар: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаарай
Богдхан уулын Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замыг тохижуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулсан. Тэрбээр Туул гол дагуух тохижилтын ажилд уралдаан зарлаж, найман бүтээл ирснээс шилдгийг шалгаруулсан. Мөн Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замыг тохижуулах Ажлын хэсэг гарсан гэдгийг хэллээ. Хотын дарга ажлаа шуурхай хийхийг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг холбогдох яамтай зөвшилцөж, зохион байгуулахыг үүрэг болгосон юм. Мөн үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжуудын усалгааг хийж, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болгов.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
