Дэлхий нийтээр..
Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй, эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, Нээлттэй сонсгол хийхээр боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав.
“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд:
-КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох;
-Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж)
-Дархлаажуулалтын хууль, Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэд вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна.

Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэлээ.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо КОВИД-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
