Дэлхий нийтээр..
Бямба гарагт зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээтэй
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээ тавдугаар сарын 22-нд буюу энэ бямба гарагт “Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээ” нэрийн дор болно. Энэ хүрээнд хотын ногоон бүс, ой, голын эрэг дагуу цэвэрлэгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Цэвэрлэгээтэй холбоотой Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээгээр урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор ойн бүс, зуслан чиглэлийн хог хаягдлыг цэвэрлэнэ. Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний мэргэжлийн 21 байгууллага, “Шинэ тосгон” төрийн бус байгууллага бэлтгэл ажлыг хангаад байна” гэв.
Их цэвэрлэгээний үеэр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Түвшин сайхан төв” ТББ иргэдээс хоёрдогч түүхий эд авах ажлыг явуулын болон тодорхой байршлуудад хийхээр төлөвлөжээ. Мөн тавдугаар сарын 22-нд Шарга морьтын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гаднах авто зогсоол дээр иргэдээс дахивар буюу хоёрдогч түүхий эд худалдаж авах юм.
Нийслэлийн Байгаль орчны газраас 32 морьтой эргүүл гарч, хяналт тавин, мэдээллээр хангаж ажиллана. Ингэхдээ зуслангийн бүс буюу Баруун салаа, Зүүн салаа, Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг Их Баян, Цолмонгийн ам, Туулайн ам, Чингэлтэй дүүрэг 17, 18 дүгээр хороо Зүрх уул, Залаатын ам, Баянзүрх дүүрэг Шар хоолойн гол зэрэг байршилд хяналт тавих юм.
Арга хэмжээг дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд дэмжин ажиллаж байна. Тодруулбал, “Эм Си Эс” ХХК, “Бамбууш” ХХК, “Пепси” брэндүүд хамтран ажиллахаа мэдэгдсэн бол “Юнител” групп хэрэглэгчид рүүгээ зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээнд уриалсан мессеж илгээнэ. Мөн “Ариг” банкны зүгээс нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээс гадна 100 ажилтан, албан хаагчид энэ өдөр тодорхой байршлуудад цэвэрлэгээ хийх юм. Түүнчлэн “Түмэн шувуут” ХК Нисэх, Био орчмоор цэвэрлэгээ хийх, оролцож буй иргэдийг өөрсдийн бүтээгдэхүүнээр урамшуулна. “Monpay” төлбөрийн систем нэг шуудай хог бүрд урамшууллын оноо бэлэглэн идэвхжүүлэх бол “Монос” групп амны хаалт, шуудай зэргээр хангаж, дархлаа дэмжих нэрийн бүтээгдэхүүнүүдийг гардуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2022/03/01
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Дэлхий нийтээр..2021/09/13
Эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлыг яаралтай хэлэлцэж, ш...
-
Дэлхий нийтээр..2022/05/13
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав...
-
Үйл явдал2026/04/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчла...
