Дэлхий нийтээр..
“Цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах их хуралд Увс аймгаас ирж оролцсон гурван хүн коронавирусийн халдвар авчээ
Хөл хорионы дүрэм журам зөрчин байж “Дүнжингарав”-ын гадаа зохион байгуулсан АН-ын Их хурал асуудал дагуулж эхэлжээ. Тодруулбал, АН-ынхан энэ сарын эхээр “цаасан” болон “цахим” даргаа батламжлах Их хурлыг хууль дүрэм зөрчин байж хоёр талд хийсэн. Тухайн үед улсын хэмжээнд улбар шар түвшинд шилжсэн, таваас дээш хүн нэг дор цугларахгүй байх шийдвэр гаргасан байсан ч “Цаасан” гэх тодотголтой О.Цогтгэрэлийг АН-ын даргад батламжлах их хурлыг Ц.Тувааны талынхан энэ сарын 3-нд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулсан байдаг. Зохион байгуулагчдын мэдээлснээр 1000 орчим хүн цуглуулсан тус хуралд орон нутгийн төлөөлөл гэх цөөнгүй хүн ирж оролцсон. Гэтэл тус хуралд Увс аймгаас ирж оролцсон төлөөлөгчдийн гурвынх нь шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. С.Эрдэнийн тодорхойлсончлон “Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарын заавраар ажилладаг” Ц.Тувааны талынхан АН-ыг халааслахын тулд хууль журам зөрчөөд ч хамаагүй улайран зүтгэсэн нь ийнхүү бүхэл бүтэн аймгийг эрсдэлд оруулаад байгаа аж. Улаанбаатар хотруу очоод ирсэн гурван хүн коронавирусийн халдвар авсан нь аймгийн иргэдийг айдас хүйдэст автуулсан төдийгүй цаашид халдварын тоо нэмэгдэхгүй гэх баталгаагүй байна.

Иргэн бүр халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байхад ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн олон хүнийг нэр дор цуглуулан, улстөрийн бохир ажиллагаандаа татан оролцуулсан Ц.Туваан ба УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарыг хариуцлага хүлээх ёстой гэж Увс аймгийнхан үзэж байна. Энэ талаарх сэтгэгдлээ Увс аймгийн иргэд цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлж эхэлжээ. Тухайлбал, иргэн Ц.Гантөмөр “Өвчилсөн хүмүүсийг буруутгамааргүй байна. Харин хөл хорионы өндөр эрсдэлтэй цагаар мэдсээр байж иргэдийг Улаанбаатар хотод цуглуулж аюулд оруулсан АН болон О.Цогтгэрэл гишүүн хариуцлага хүлээх ёстой. Сонгоод явуулсан нутгийнхандаа үнэхээр гай тарьлаа. Цаашилбал манай аймгийн төлөөлөгчдөөс 3 илэрч байна гэдэг улс даяар цар тахал тараасан байж болзошгүй тэр Их хурал. Эрх мэдлийн шунал, талцал хуваагдал нь ийм л үнэтэй байж” хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн бол Анхаа Увс нэртэй иргэн “Женкогийн намаа авах гэсэн шунал Монгол даяар корона” хэмээн жиргэжээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Тод зураг2020/04/24
Орон нутагт урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна
-
Дэлхий нийтээр..2024/01/24
Нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол чөлөөлөх ажил явагдаж байна
-
Дэлхий нийтээр..2025/07/01
Ой, хээрийн 2 түймрийг бүрэн унтраалаа
-
Дэлхий нийтээр..2025/03/14
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшө...
