Тод мэдээ
2021 онд төлөгдөх Мазаалай бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны 3 сарын 15 өдөр тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.
Монгол Улсын Засгийн газар нь 2019 онд Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас 2020 онд “Номад” өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээгээр 2021 онд эргэн төлөгдөх “Мазаалай”, 2022 онд эргэн төлөгдөх “Чингис” бондуудын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн. Улмаар 10.875 хувийн өндөр хүүтэй Мазаалай бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.
Сангийн яамны зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгө оруулагчдад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх мэдээллийг тогтмол хүргүүлэн ажиллаж ирсэн ба жил бүр 2-3 удаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг гадаадын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл улам бэхжиж Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр сайжирч, олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж түүхэн доод түвшинд хүрээд байна.
Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудыг үнэн бодит мэдээллээр тогтмол ханган ажиллаж ирсний үр дүнд “Мүүдис” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3 сөрөг төлөвтэй байсныг B3 тогтвортой болгож сайжруулсан. ЗГ-аас хийж буй өрийн менежмент, мөн цаашид төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад өрийн дарамт цаашид тогтвортой буурахаар байгааг Муудис агентлаг дээрх шийдвэрийн хүрээнд онцолжээ.
Цаашид Монгол Улсын Засгийн газар богино болон дунд хугацааны макро эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо улам чамбайруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр макро эдийн засгийн цаашдын төлөвийг сайжруулан, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх замаар ирэх жилүүдэд хүлээгдэж буй гадаад үнэт цаасны эргэн төлөлтүүдийг эдийн засаг, төсөв санхүүд дарамт багатай шийдвэрлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.
Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК;
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.
Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Тод мэдээ
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.
Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.
Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.