Тод мэдээ
Израилийн тэрбумтан авлигын хэргээр шүүхэд дуудагджээ

Израилийн тэрбумтан Бен Штейнмец нь Гвиней Улсад холбогдсон авлигын гэмт хэргийн шүүх хурал 1 дүгээр сарын 11-22-ны өдрийн хооронд Женевийн шүүхэд болох талаар Ройтерс агентлагаас мэдээлжээ.
Израилийн тэрбумтны өмгөөлөгч Марк Боннан шүүгдэгч шүүх хуралд биечлэн оролцоно гэж мэдэгдсэн байна. Бен Штейнмец нь 2005-2010 оны хооронд ашигт малтмал олборлох эрхийн лиценз авахаар 10 сая ам.долларын хахуулийг Гвиней Улсын Ерөнхийлөгч асан Лансан Контегийн эхнэрт 2019 оны 8 дугаар сард өгсөн хэрэгт буруутгагдсан байна.
Штейнмец болон түүний 2 хамтрагчийн үйлдсэн хээл хахууль өгсөн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт 2-оос 10 жилийн хорих ял оногдуулах талаар Женевийн прокурор Клаудио Маскотто мэдэгджээ.
“Хуулийн болон бодит үндэслэлгүйгээр буруутгасан. Штейнмец нь хатагтай Мамади Туред нэг ч цент өгөөгүй, тэр хэзээ ч хуурамч баримт бичигт гарын үсэг зураагүй” гэж түүний өмгөөлөгч Марк Боннан хэлсэн байна.
Шүүн таслах ажиллагааны явцад дэлхийн том төмрийн хүдрийн ордын нэг Симанду ордын ашиглалтын талаар яригдсан байна. Ерөнхийлөгч Альфа Кондэгаар ахлуулсан Гвиней Улсын Засгийн газрын 2011 оноос өмнө байгуулсан ашигт малтмал, уул уурхайн гэрээнүүдийг шалгасан байна.
Бен Штейнмец групп /Beny Steinmetz Group Resources (BSGR)/ нь Симандугийн уурхайн эрхийг 2008 онд авсан бөгөөд авлигын хэрэгт буруутгагдсаны дараа Засгийн газар Симанду болон Зогот уурхайн зөвшөөрлийг цуцалсан байна.
Эх сурвалж: rossaprimavera.ru
Тод мэдээ
Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судлав
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина.
Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.
Уг төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үйлдвэр, терминалтай танилцлаа.
Энэ үeэр "Ти Ай Ложистик" XXK-ийн Тээврийн газрын захирал П.Ариунзаяа “Манай компани үүсгэн байгуулагдаад 14 жил болж байна. Импорт, экспортын бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, гаалийн хяналтын бүс болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн хувьд НЗДТГ-ын ажлын хэсгийн зүгээс Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар бидэнтэй уулзаж, манай үйл ажиллагаатай танилцлаа.
Хүннү хотын логистик төвийг олон улсын стандартад нийцүүлсэн жишиг төв болгож хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд, одоогийн үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
"Ландбридж" ХХК-ийн захирал Д.Энхтүвшин “Миний хувьд тээвэр, логистикийн салбарт 27 жил ажиллаж байна. Манай компани нь 22-ын товчоо буюу СХД-ийн 36 дугаар хороонд бараа бүтээгдэхүүнийг суурьшлын бүс рүү задалж оруулах, орон нутагт түгээх агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. НЗДТГ-ын Хүннү хотыг хөгжүүлэх ажлын хэсгээс логистикийн дэд бүтэц, агуулахын чанар зэргийг цаашдын төлөвлөлтдөө оруулах зорилгоор туршлага судалж, ирж үзлээ. Энэ салбарт олон жил ажиллаж, амьдарч буй хүний хувьд Хүннү хот болон нийслэлийн захын дүүргүүдэд түгээлт, ачаа бараа боловсруулах дэд бүтэц сайжраасай гэж хүсдэг. Энэ талаараа бид өөрсдийн хийсэн бүтээснийг үзүүлж, мэддэг чаддаг бүхнээ зөвлөлдөж байгаадаа баяртай байна” гэв.
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Тээвэр логистикийн төвийг Хүннү хотод нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр өдрийн өмнө энэхүү үйлчилгээг үзүүлдэг ААН-үүдтэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн хүрээнд тодорхой саналууд гарсан учраас энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд дээр ирж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Хотод төвлөрсөн логистикийн хөдөлгөөнийг сааруулахад аж ахуй эрхэлж байгаа компанийн захирлууд болон үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Хамгийн чухал нь Хүннү хотод төлөвлөж байгаа байршил дээр ямар үйлчилгээг нэвтрүүлэх, терминалаа хаана үлдээх зэрэг олон бодитой ажил хэрэгч саналуудыг гаргаж байна. Тиймд, логистикийн төвийг шинээр байгуулахдаа үйлчилгээ эрхэлдэг ААНБ-ын бүх саналыг аль болох тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж гүйцэтгэнэ” гэлээ.
Тод мэдээ
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд энэ төрөлд нийт 954 хүн гүйхээр бүртгүүлжээ. 5 км-ийн зайд 2451 иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн бүртгүүлсэн байна.
Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд 700 хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд одоогийн байдлаар 135 хүн бүртгүүлжээ.
Бүртгэлийн хураамж нь зай тус бүрээс хамааран 5000 төгрөгөөс 90,000 төгрөгийн хооронд байна. Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй. Та бүхнийг "Улаанбаатар Марафон 2025" олон улсын гүйлтэд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо оролцож, нэгэн өдрийг эрүүл мэндийнхээ төлөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ний хооронд үргэлжилнэ.
Тод мэдээ
“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна
ДЭМБ-аас жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, эрүүл мэндийн ажилтнуудад гарын эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг сурталчлан, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөлөл, сурталчилгаа зохион байгуулдаг.
Энэ 2025 онд дэлхий дахинд энэ өдрийг "Бээлийг зохистой хэрэглэе. Гарын эрүүл ахуйг сахья" уриан дор тэмдэглэх бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулахыг улс орнуудад зөвлөжээ. Үүнд:
-"Гарын эрүүл ахуй сахих 5 мөч"-ийг хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад халдвар тархахаас сэргийлэх, гарын эрүүл ахуйн зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх;
-Бээлийг шаардлагатай үед хэрэглэх нь чухал боловч энэ нь гарын эрүүл ахуйг орлохгүй, бээлийг зохистой зөв хэрэглэхийг сурталчлан таниулах;
-Бээлийг зохисгүй, хэт их хэрэглэх нь хог хаягдлыг ихэсгэж хүрээлэн буй орчныг бохирдуулдаг тул зохистой хэрэглээнд уриалах;
-Эрүүл мэндийн ажилтан бүр гарын эрүүл ахуй сахих заавар, журмыг мөрдөхийг зөвлөсөн гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
-
Тод зураг2020/01/13
Мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна
-
Тод мэдээ2021/06/11
Үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байна
-
Тод мэдээ2021/12/09
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Өнөөдөр2022/08/16
Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна