Дэлхий нийтээр..
Нийт нутгийн 60 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, 8 дугаар сарын 20-д гэхэд нутгийн 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд буюу Говь-Алтайн Жаргалант, Чандмань, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Жинст, Баян-Өндөр, Бууцагаан, Баянбулаг, Баянхонгор, Заг, Баянцагаан, Баацагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Гурванбулаг, Өлзийт, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Сант, Уянга, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Баяндалай, Гурвантэс сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан байна.
12 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Увсын Давст, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянхонгорын Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Дашинчилэн, Сэлэнгийн Цагааннуур, Төвийн Баян, Эрдэнэ, Зуунмод, Баян-Өнжүүл, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьгангад 10,1-20 см, Орхон, Сүхбаатар аймгийн нийт нутаг, Архангай, Булган, Төвийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зарим сумдын нутгаар 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-20 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай байна.
Харин зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд их (нэн их 16.5%, их 50,4%), 20 шахам хувьд нь (18.5%) дунд зэрэг эрсдэлтэй гарсан. Үүнээс Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх, Говь-Алтайн зүүн, Төвийн баруун урд сумдын нутгаар зудын эрсдэл нэн их, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа.

Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа, түүнчлэн арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн цас ахиу орсон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3-120С-ээр хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг бид шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/02/20
Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөллөө
-
Дэлхий нийтээр..2021/03/22
Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо 2 хуйвалдаж, тамга тэмдэггүй хуурамч албан ...
-
Дэлхий нийтээр..2025/08/26
Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ
-
Үйл явдал2025/10/30
Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр өнөөдөр эхэлнэ
