Хэн юу хэлэв...
А.Энхжин: Төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй Монгол Улсын валютын зах зээлийн талаар ярилцлаа.
Гадаад валютын ханш оны эхнээс хэрхэн өөрчлөгдсөн байгаа вэ? Энэ талаар мэдээлэл хуваалцана уу.
Монголбанк Ковид-19 цар тахлын хүндрэлийн үед валютын зах дээр огцом савлагааг үүсгэхгүй байх арга хэмжээнүүдийг авч ажилласны үр дүнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 4.2%-иар сулраад байна. Оны эхний хагаст нүүрсний экспорт буурсан, томоохон гадаад бондын төлбөр хийгдсэн зэргээс шалтгаалж төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь ханшийн сулрах дарамт бий болгож байв.
Харин сүүлийн саруудад ханшийн суурь хүчин зүйлүүд харьцангуй таатай болж ирж байна. Тодруулбал, төлбөрийн тэнцэл 6 дугаар сард 452 сая ам.доллар, 7 дугаар сард 335 сая ам.долларын ашигтай гарав. Үүнд экспортын дүн 6 дугаар сараас хойш 2-3 дахин нэмэгдсэн голлон нөлөөллөө. Гадаад худалдааны тэнцэл 10 дугаар сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай гараад байна. Ингэснээр 3 дугаар улирлын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамт багасаад байна. Гадаад валютын улсын нөөц 10 дугаар сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар байгаа нь импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын зах дахь эрэлт, нийлүүлэлтийн зөрүү багасч, төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна. Тодруулбал Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд 2020 оны эхний 8 сарын байдлаар нэг удаагийн дуудлага худалдаанд дунджаар 55.9 сая ам.доллар худалдан авах санал банкнуудаас ирж байсан бол уг хэмжээ 2020 оны 9 дүгээр сараас хойш 12.3 сая ам.доллар болж буураад байна. Монголбанкнаас эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор тухай бүр валютын захад оролцож байгаа бөгөөд оны эхнээс хойш 2020 оны 11 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гадаад валютын захад 2,512.4 сая ам.доллар нийлүүлж, 2,084.1 сая ам.доллар татаж, цэвэр дүнгээр 428.3 сая ам.доллар нийлүүлээд байна. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.доллар своп хэлцлийг байгуулан ажиллаж байна.
Тэгэхээр цаашдаа төлбөрийн тэнцлийн алдагдал энэ хэвээр буурахаар байна уу, төлөв аль чигт байна вэ?
Ковид-19 цар тахлын эсрэг эхний вакцинууд амжилттай туршигдан дуусах шатандаа орж байгаа, томоохон эдийн засгууд шат дараатайгаар эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээгээ сулруулж байгаа зэргээс хамаарч гадаад эрэлтийг нэмэгдүүлж, экспортын голлох түүхий эд болох алт, нүүрс, төмрийн хүдэр болон зэсийн үнэд эерэгээр нөлөөлж байна. Улмаар түүхий эдийн үнийн өсөлт болон экспортын хэмжээ өссөн зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцэл цаашид ч гэсэн сайжрах хандлагатай байна. Тухайлбал, Монголбанкны төсөөллөөр төлбөрийн тэнцэл 2020 оны 4 дүгээр улиралд 360 сая ам.долларын ашигтай, 2021 онд 513 сая ам.долларын ашигтай гарахаар байна.
Нөгөөтэйгүүр, Засгийн газраас 10 дугаар сард 600 сая ам.долларын бондыг 5.125 хувийн купонтой буюу харьцангуй бага хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд шинээр гаргаж ойрын хугацаанд хүлээгдэж буй Мазаалай, Чингис бондуудын эргэн төлөлтийг санхүүжүүлэхээр болсон нь Монгол Улсын богино хугацааны өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын урсгалд эерэгээр нөлөөлөхөөс гадна, олон улсын үнэлгээний байгууллагууд болон хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгааг харуулж байна. Мөн түүнчлэн Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг 2023 он хүртэл 3 жилээр сунгасныг энд дурьдах нь зүйтэй.
Ам.долларын эсрэг төгрөг сулрах үед иргэд төгрөгийн хадгаламжаа валютын хадгаламж руу хөврүүлэх хандлага нэлээд байдаг. Төгрөг болон ам.долларын өгөөж ямар байна вэ?
2020 оны 10 дугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад валютын хадгаламж 53 гаруй хувиар нэмэгдсэн байгаа. Тэгэхээр үүнд нөлөөлсөн хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт өнгөрсөн оны 10 дугаар сард валютын хадгаламж огцом нэмэгдсэн. Энэ нь Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор иргэдийн дунд сандрал үүсч ам.доллар руу хөрвөлт хийгдсэн бол энэ оны 5, 6 дугаар сард валютын хадгаламж мөн л багагүй хувиар нэмэгдсэн. Энэ нь сонгуулийн өмнө иргэдийн дунд үүссэн хүлээлт, цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндрэх нь гэсэн иргэдийн эрсдэлээс сэргийлсэн үйлдэл байсан. Төгрөг болон ам.долларын хадгаламжийн өгөөжийн хувьд том 3 банкны 12 сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 11.2 хувьтай байгаа бол ам.долларынх 3.6 хувь байна. Тэгэхээр төгрөг, ам.долларын хүүний зөрүү 7-8 хувь, ханшийн өөрчлөлт 4.2 хувь байгаа нь валютын хадгаламж эзэмшигч төгрөгийн хадгаламж эзэмшигчтэй харьцуулахад дунджаар 3-4 хувиар бага хүү авч байна гэсэн үг юм. Түүнчлэн “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүрээнд валютын хадгаламж эзэмшсэн тохиолдолд хадгаламжийн даатгалд хамруулахгүй, тухайн хадгаламжийг барьцаалж банкнаас зээл авах боломжгүй болсон, банкны данснаас бэлнээр гадаад валют авахад ойролцоогоор 0.2 хувийн шимтгэл авдаг зэргээс үзвэл валютын хадгаламж эзэмшихийн давуу тал улам буурч байна.
Цаашид төгрөгийн ханш тогтвортой байх уу?
Монгол улсын хувьд ойрын хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй бөгөөд дээр дурьдсанчлан гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх хүлээлттэй байгаа тул төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн сулрах дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор шаардлагатай үед валют нийлүүлэхээс гадна төгрөгийн өгөөжийг хамгаалахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах болно.
Ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2022/08/17
"Solarcity" болон "Hyperloop" төслүүдийг Монгол Улсад хэрэгж...
-
Дэлхий нийтээр..2026/03/05
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт...
-
Дэлхий нийтээр..2020/11/19
Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ
-
Дэлхий нийтээр..2022/10/14
Ашиглаагүй удсан цамхагт краныг буулгалаа
