Дэлхий нийтээр..
Томск хотын захирагчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ
Эх сурвалж: rferl.org
ОХУ-ын Томск хотын захирагч Иван Клианыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулж өнгөрсөн долоо хоногт баривчилсан ба түүнийг албан тушаалаас чөлөөлөхөөр шүүх шийдвэрлэсэн байна.
Томск хотын Киров дүүргийн шүүхээс 11 дүгээр сарын 18-ны өдөр Клианыг өөрийн гэр бүлийн аж ахуйн нэгжийн ойролцоо барилга барих зөвшөөрөл олгохоос хууль бусаар татгалзсан үйлдэлд холбогдуулан мөрдөн шалгах хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэжээ. Тэрээр 11 дүгээр сарын 13-ны өдөр цагдан хоригдсон бөгөөд 2 сар гаруйн хугацааг өнгөрүүлж магадгүй байгаа юм. Түүний өмгөөлөгч цагдан хорих шийдвэрийг давж заалдсан талаар мэдэгджээ.
Түүний эхнэр Галина Клайныг цагдаагийн үйл ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр мөн мэдүүлэг авахаар дуудсан байна. Хэрэв Галин Клайн нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан нь тогтоогдвол 10 хүртэл жилээр хоригдож магадгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичжээ.
Мөрдөн шалгах хорооноос мэдээлснээр Иван Клайн нь 2016-2017 оны хооронд өөрийн эзэмшдэг Томск шар айрагны компанийн ойролцоо барилга барих зөвшөөрлийг олгохоос хууль бусаар татгалзсан үйлдэлд холбогдон шалгагдаж байна.
61 настай Клайн нь 2013 оноос тус хотын захирагчаар ажиллаж байгаа юм. Үүнээс өмнө тэрээр бүс нутгийн томоохон үйлдвэрийн нэг болох Томск шар айрагны компанийн ерөнхий захирлаар 1994 оноос хойш ажиллаж байжээ.
Түүнийг хотын захирагчаар томилогдсоны дараагаар эхнэр Галина Клайн нь Томск шар айрагны компанийн Байгууламж хариуцсан ерөнхий захирлаар сонгогдсон байна.
2013 онд Коммерсант сонинд Клайн тус компанийн 51 хувийг, түүний эхнэр 20 хувийг тус тус эзэмшдэг талаар мэдээлжээ. Иван Клайн нь 2006 оноос хойш авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй Сибирийн хотын 3 дахь захирагч юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2019/07/18
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2024/05/10
Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцо...
-
Хэн юу хэлэв...2019/09/20
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргаа...
-
Дэлхий нийтээр..2026/01/28
Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ
