Дэлхий нийтээр..
Мөнгө угаалт, банк, криптовалютын цаана нуугдаж байгаа үнэн
Өнгөрсөн долоо хоногт FinCEN файлууд гэгддэг баримтууд нийтэд дэлгэгдэж, дэлхийн зарим том банкнууд террорист ажиллагааны сэжигтэн, улс орныхоо эд баялгийг хулгайлан дээрэмдсэн байж болзошгүй улс төрчид, хар тамхины наймааны сэжигтэн этгээдүүдийн дансанд их наяд долларын сэжигтэй гүйлгээ хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. АНУ-ын Засгийн газар ч уг гүйлгээг зогсоож чадаагүй байна.
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ ("FinCEN") нь АНУ-ын Сангийн яамны харьяа агентлаг бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээж ажилладаг. "Сэжигтэй үйл ажиллагааг мэдээлэх" нь санхүүгийн авлигыг үүсгэж, засгийн газрууд үүнийг хэрхэн зогсоох боломжгүй эсвэл хүсэхгүй байгааг харуулдаг. Хар тамхины аюулт дайны ашиг, хөгжиж буй орнуудаас завшсан хөрөнгө, Понзигийн схемээр хулгайлагдсан хуримтлалын хөрөнгө зэрэг нь банкны ажилтнуудын сэрэмжлүүлгээс үл хамааран санхүүгийн байгууллагуудаар дамжин урсдаг
АНУ-ын хууль сахиулах байгууллагууд болон бусад улс орнуудын санхүүгийн тагнуулын албад энэ тайланг авч үзэх боломжтой.
Мөнгө угаалт нь санхүүгийн гэмт хэргээс илүү хор хохиролтой байдаг. Энэ нь хар тамхины наймаанаас авахуулаад улс төрийн гэмт хэрэг гэх мэт бусад бүх гэмт хэргийн нөхцөлийг бүрдүүлж байдаг хэрэгсэл юм. Үүнд банкнууд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Одоогийн мөрдөн байцаалтын дүнгээс харахад алдартай ЖПМорган Чейз, ЭйчЭсБиСи, Стандарт Чартеред, Дойчэ банк, Банк оф Нью-Йорк Меллон зэрэг банкнууд бүгд гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн дансанд мөнгө шилжүүлсэн болохыг харуулж байна.
Одоогийн санхүүгийн систем нь дийлэнхдээ банкнууд болон түүний захирлуудыг эрүүгийн хэрэгт яллахаас хамгаалсан байдаг тул эрүүгийн үйл ажиллагааг дэмжих боломжийг олгодог байж болзошгүй гэсэн мэдээлэл FinCEN-т ирдэг. Сэжигтэй үйл ажиллагааг сэрэмжлүүлэхгүй бол банкны үйлчилгээг хэн бүхэн чөлөөтэй авах боломж бүрдэх юм. Тиймээс хууль бус сангууд бидний итгэж найдаж байсан банкнуудаар дамжин газрын тос, соёл урлаг, үл хөдлөх хөрөнгө гэх мэт төрөл бүрийн салбаруудад хүрч, баян ядуугийн заагийг улам бүр их болгож байна.
НҮБ-ын мэдээлж байгаагаар нэг жилийн хугацаанд дэлхий даяар угаасан бохир мөнгөний тооцоолсон дүн нь дэлхийн ДНБ-ийн 2-5% буюу 800 тэрбумаас 2 их наяд доллартой тэнцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар мөнгө угаалтын 90%-ийг илрүүлээгүй байна.
Үүний зэрэгцээ криптовалютын салбар нь мөнгө угаах хэрэгсэл болсон боловч харамсалтай нь статистик мэдээлэл үүний эсрэг гардаг. Криптовалютын бүх гүйлгээний зөвхөн 1.1% нь хууль бусаар хийгддэг гэсэн тооцоо байдаг. Биткойн нь эхэндээ зэвсэг, хууль бус мансууруулах бодисыг нэрээ нууцлан худалдаж авах боломжтой онлайн худалдаанд хэрэглэгддэг байсан.
Гэхдээ биткойн сүлжээний хэрэглээ улам бүр нэмэгдэж, 42 сая биткойн түрийвч хэрэглэгдэж байгаатай холбогдуулан олон нийтийн блокчэйн дахь гүйлгээг хянах боломж улам бүр нэмэгдэж байгаа бол хувийн банкны гүйлгээг ингэж хянах боломжгүй хэвээр байна.
Эх сурвалж: www.forbes.com
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2020/09/09
Чойжин ламын сүм музейг сэргээн завсарлахад зориулан 200 000 ам. долларын туслам...
-
Дэлхий нийтээр..2021/08/17
“Таван толгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ирэх сараас б...
-
Дэлхий нийтээр..2022/03/14
Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ
-
Үйл явдал2025/12/09
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
