Хэн юу хэлэв...
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Мөн Тавантолгойн нүүрсний ордын уул уурхайн үйлдвэрлэл, төмөр зам, цахилгаан станц болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргын төлөвлөлтийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд нарт даалгав. Төлөвлөлтөд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянга га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж зэргийг багтаах юм.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв.

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.
Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.


Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






-
Үйл явдал2025/07/06
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана!
-
Үйл явдал2020/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2021/03/16
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах ...
-
Дэлхий нийтээр..2020/09/21
Ерөнхийлөгч Х.Баттулга “Азат Халал” махны үйлдвэрээр зочиллоо
