Тод индэр
УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Их Хурлын дарга нарыг хүлээн авч уулзлаа

Энэ жил Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцов. Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж математикийн олон улсын цахим олимпиад зохион байгуулах ажилд оролцож байгаа тул хараахан хүрэлцэн ирж амжсангүй. Уулзалтын эхэнд Парламентын 30 жилийн ойг угтан хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.
Ойн хүрээнд парламентын ардчиллыг бэхжүүлэх, цахим парламент болох, 30 жилийн хугацаанд Монголын парламентын олсон ололт, хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, үе үеийн парламентчдын хуримтлуулсан туршлага, мэдлэгээс суралцах, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөө, чанарыг сайжруулахад түлхүү анхаарч байгааг УИХ-ын дарга онцоллоо.
УИХ-ын дарга нар засаглалын тогтолцооны хяналт тэнцэл, намуудын төлөвшил, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудал, парламентын болон гишүүдийн нэр хүнд, ёс зүй зэрэг олон асуудлаар санал солилцож, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын засаглалтай улс орнуудад “Спикерүүдийн клуб” гэж байдаг жишгийн дагуу үе үеийн Их Хурлын дарга нарын “Их Хуралдай” клуб байгуулах санал тавьсныг Их Хурлын дарга нар санал нэгтэй дэмжлээ.
Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм байх юм.
“Их Хуралдай” клубийн гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, Клубийн тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд клубийн үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллана.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.