Хэн юу хэлэв...
Б.Бямбасайхан: Залуу хүн зорилготой байж л хөгждөг
-Сурч мэдсэнээ төрсөн нутагтаа зориулах сэтгэл минь намайг энд уядаг –
Өмнөговийн харьяат таньдаг ахтайгаа тааралдлаа. “Ах нь чамд нэг хүний тухай ярих гэсэн юм. Нас залуу гэхэд маш хэрсүү, дэндүү хөдөлмөрч эмэгтэй. Хамгийн гол нь байнга өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд чин сэтгэлээсээ хичээдэг зан нь надад их таалагддаг юм. Чи намтрыг нь уншаад үзээрэй. Ах нь чам руу майлээр явуулая. Ирээдүйгээ харсан, зөв сэтгэлтэй залуучууд л хөгжлийн түлхүүр биз дээ. Дэмжих л хэрэгтэй. Чи ярилцлага авбал сайн байна” гэлээ. Би ихэд олзуурхаж “Тэгэлгүй яахав. Хөдөлмөрч, зорилготой залуусаа дэмжихгүй бол сэтгүүлч гэж явахын хэрэг алга” гэсэн юм. Ах ч хэлсэн ёсоороо майл явуулж.
“Батхуягийн Бямбасайхан Миний бие нь 1984 оны 03-р сарын 18-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн. Хулгана жилтэй. Ам бүл 4. Нөхөр, хүү, охины хамт амьдардаг” гэж эхэлсэн намтар нь нэлээд урт хөвөрч. Залуу хүн хэдийдээ намтраа ингэтлээ зузаалав гэж бодож байсан ч уншиж дуусаад аливаад чин сэтгэлээ зориулдаг, үнэнч тууштай энэ бүсгүйн зорилго, тэмцэлд л гол учир нь байсан юм байнаа… Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаг бичдэг юм байна гэж бодсон билээ. Б.Бямбасайхан “2002 онд Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргэжээ. 2003 онд БХИС-ийн харъяа Радио операторын курсыг Радиотелеграфикч мэргэжлээр, 2009 онд Радио телевизийн дээд сургуулийн Найруулагч, сэтгүүлч мэргэжлээр тус тус төгсжээ. Мөн 2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн курс, 2011 онд Хэвлэлийн хүрээлэнгийн Эх бэлтгэл, дизайнерийн курст суралцсан байгаа юм. Түүний суралцах хүсэл эрмэлзэл үүгээр зогссонгүй, 2011 онд УТБА-ийг Төрийн удирлагын менежер мэргэжлээр, 2014 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр төгсжээ. 2016 онд РОУДС-д Төрийн захиргааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан нь түүнийг сурч боловсрох, хөгжих дэвшихдээ хойрго хандаж хойш суудаггүй, өөрийгөө хөгжүүлж, цагийг хий дэмий өнгөрүүлдэггүй хүн болох нь энэ хэдхэн баримтаас тодорхой харагдаж байгаа биз. Хувь хүн хөгжинө гэдэг улс орон хөгжихийн үндэс шүү дээ. Тэр өнцгөөс нь хараад Б.Бямбасайханаас үлгэрлэх, түүнд талархах сэтгэл төрснийг нуух юун.
Ажлын хувьд гэвэл Б.Бямбасайхан 2008 онд орон нутгийн “21-р суваг” ТВ-д зар сурталчилгааны менежер, сэтгүүлч, 2010 оноос “UCTV” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байгаад 2016 оны 9-р сараас одоог хүртэл аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанд мэргэжилтэн, албаны менежерээр ажиллаж байна. Угаасаа хөдөлмөрч, зорилготой хүн болохоор үүрэгт ажлынхаа хажуугаар 2009-2014 онд аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, 2015-2016 онд аймгийн НАМЭХ-ны тэргүүлэгч, 2014 оноос “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ-ийн Өмнөговь салбарын тэргүүн, 2015 оноос аймгийн ХЭАХН-ийн удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос аймгийн ГХУСАЗЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, 2019 оноос НАМЭХ-ны тэргүүлэгч зэрэг сонгуульд ажлыг гүйцэтгэж иржээ. Мөн 2016 оноос Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байгаа аж. Ёстой л нийгэм, улстөрийн идэвхтэй хүний л амжуулах ажил.
Говь нутгийн хөдөлмөрч нэгэн бүсгүйн тухай хүндэлж явдаг эрхэм ахаасаа анх сонсож, намтрыг нь уншсанаар эчнээ танил болсон Өмнөговь аймгийн хөгжлийг түүчээлж буй залуу үеийн төлөөлөл хөдөрмөрч, зөв сэтгэлтэй, зорилготой, зорилгодоо хүрэхийн төлөө хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж яваа Б.Бямбасайхан хэмээх шавилхан биетэй ухаалаг бүсгүйн үзэл бодлыг нь хуваалцаж ярилцах боломж олдож бид хэсэгхэн хором ярилцсанаа энд сийрүүлье.

-Өмнөговьчууд бол тэсвэр хатуужлаараа алдартай. Их бичгийн хүн Бямбын Ренчин гуай “Их говийн зоригтон хүмүүс” гэж магтан дуулж, зохиол бүтээлдээ мөнхөлсөн байдаг. Та өмнийн шаргал говийн унаган бүсгүй. Өвөөгийн чинь дурсамжаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
–Баярлалаа. Та онож хэллээ. Миний нутгийн зон олон үнэхээр хөдөлмөрч, тэсвэр тэвчээртэй хүмүүс. Нэгэн жишээ хэлмээр санагдлаа. Социализмын үе л дээ. Хөдөлмөрийн баатар тэмээчнийд сум, нэгдлийн дарга нар нь ирж гэнэ. Жин үдийн нар голлож, халуун гэж жигтэйхэн. Харин баатар маань хээв нэг тэмээгээ ноосолж зогсоно. Албаны улс “Иш та минь заавал энэ халуунд тэмээгээ ноосолдог нь юув дээ. Нар ташаарахыг хүлээхгүй дээ” гэвэл тэмээчин эр “Их үдийн наранд тэмээ номхон байдаг юм. Ноослоход амар” гэжээ. Дарга нар нь “Тэмээнээсээ тэвчээртэй хүн Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм дээд алдрыг хүртэлгүй яахав дээ” гэж уулга алдаж байсан гэдэг. Миний өвөөгийн талаар та эхлээд асууж байгаа нь сайхан санагдлаа. Сайн ноён хан аймгийн Балдан засгийн хошууны амбан захирагч Минжүүрийнд ганц нуган үр мэндэлсэн нь миний өвөө Дамба.
Өвөө маань хошуу ноёны өв залгамжлагч байсан бөгөөд одоогийн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Баян бор нурууны ард төрж өссөн гэдэг. Нэг ёсондоо язгууртан хүн байлаа. Тухайн цаг үе нь язгууртан болоод лам нарт халгаатай байсан болохоор 1937 оны хэлмэгдүүлэлтийн шуурганд авга ах зайран Их Минжүүр нь өртөж хэдэн өнчин дүүтэйгээ үлдсэн гэдэг. Мөн залуугаараа хань ижлээсээ салж ганц хүүгээ өсгөх хатуу тавилантай учирсан юм. Гэхдээ сэтгэлийн тэнхээтэй, ажилсаг хүн байсан учир амьдралын хатуу хөтүүг сөрж амьдарсан байгаа юм. Адуунд эрэмгий гэж гайхалтай. Морины сайныг унаж, Ноён, Сэврэй хийцийн жинхэнэ мөнгөн эдлэл хэрэглэлийг эдэлж ирсэн гэдэг юм. Өвөөгийн маань эдэлж хэрэглэж байсан манан хөөрөг, мөнгөн аяга, хормой шуулт, эмээл, хазаар нь аавд минь өвлөгдөн үлдсэн. Нэгэнт өвөөгийн тухай ам нээж байгааг далимдуулаад аав Д.Батхуягаа дурсая гэж бодлоо.
Миний аав Д.Батхуяг нь 1939 оны зуны эхэн сард Өмнөговь аймгийн Сэврэй сумын Баян бор нурууны ард төрсөн хүн. 1948 онд Сэврэй сумын бага сургуульд элсэн орж 4 дүгээр ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаар хөдөө мал дээр гарч байсан юм билээ. Харамсалтай нь ээжийнхээ энгэрт эрхэлж, дэрвэх 13-хан насандаа хайрт ээжээсээ хагацсан даа. Тэр цагаас хойш аавтайгаа нэгдлийн олон адуу маллаж, тууварт явж, эмнэг хангал сургаж өссөн гэдэг юм. Мөн морь уяж уралдуулж сум орон нутагтаа хамгийн шилдэг адуучин болсон. Багаасаа хүнд хүчир ажил эрхэлж, тэр хэрээр эр бяр, ухаан бодол нь тэгширсэн эр байлаа. Мөн сайхан барилдана. Барилдаан нь эвлэг, мэх нь уран бөгөөд хурдтай. Аав маань бидний ээжтэй гэр бүл болж 9 хүүхдийн ижий, аав болцгоосон. Би бага охин нь. Амьдалын ухаантай, алсын хараатай хүмүүс болохоор үр хүүхдүүддээ их л зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Аав маань 2006 оны өвөл хүнд өвчний улмаас 67 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ. Өвөө, аав хоёр минь маш ажилсаг, ноён нуруутай, тусархуу, сайхан сэтгэлтэй, шулуун шударга хүмүүс байсан. Аав, ээжийнхээ захиас сургаалиар л явж ирлээ. Аав, ээж минь зөв явахыг л захиж сургадаг байсан.
-Зөв амьдрана гэдэг таныхаар ямар ойлголт бол? Таны баримтладаг гол зарчим?
-Аав, ээжийн минь үг сургааль алтнаас ч үнэтэй. Тэд маань биднийг бага байхаас эхлэн аливаа ажилд чин сэтгэлээсээ хандахыг зөвлөдөг байлаа. Мөн хар буруу санаагүй, атаа жөтөөгүй, ухаалаг, даруу, хөдөлмөрч, өгөөмөр амьдрахыг захиж сургаж ирсэн. Тиймдээ ч би багаасаа л цагийг дэмий өнгөрөөхгүй юмсан гэж хичээж өссөн. Нэг дор олон ажил амжуулахын тулд зорилготой байх ёстой. Ийм л зарчим баримталж ирлээ.
–Та хэд хэдэн мэргэжил эзэмшиж. Гэхдээ нутгаасаа өөр газар ажиллаж байгаагүй юм байна. Нийслэлд амьдрах бодол төрж байсан уу?
-Би энэ нутагт төрж, өссөн. Энэ нутагтаа л ажиллаж, амьдарна гэж боддог. Бүгдээрээ хот хүрээ газар руу зүтгэчихвэл хэн тухайн орон нутгийг хөгжүүлэх юм бэ? Сурч мэдсэнээ төрсөн нутагтаа зориулах сэтгэл минь намайг энд уядаг юм. Өмнөговь аймагт минь хөгжих боломж маш их байна. Гагцхүү залуус бид л өөрт ногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэх ёстой.
–Залуу хүн гэхэд та чамлахааргүй зүйл хийж бүтээж. Цаашдаа ч олон зүйл төлөвлөж байгаа нь мэдрэгдэж байна. Одоогийн залууст хандаж юу хэлмээр байна вэ?
-Зарим залуус цагийг дэмий өнгөрүүлж, аль болох амар хялбар аргаар амьдрах сонирхолтой болж. Ийм хандлага хотод ч, хөдөөд ч байна. Үүнд л их эмзэглэж явдаг даа. Залуу хүн зорилготой байх хэрэгтэй. Зорилготой хүн л хөгждөг юм. Хувь хүн бүрийн хөгжил улс орны хөгжил дэвшлийн үндэс.
–Богинохон хугацаанд ярилцах боломж олгосон танд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд танай гэр бүлийн хүний тухай асууя гэж бодлоо. Таныг байнга дэмжиж, урмын үг хайрлаж явдаг хүн гэж яагаад ч юм бодогдлоо.
– Миний нөхөр чинь тэмээчин хүн. Монгол Улсын гавьяат малчин Бүд гуайн дунд хүү Баттогтох гэж залуу бий. Намайг сурч боловсорч мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд хайрт ханийн минь нөмөр нөөлөг мэдээж их байсан. Ханьдаа үргэлж талархаж явдаг.
–Ярилцсанд баярлалаа. Дараа дахин уулзаж ярилцахдаа таатай байх болно. Танд амжилт хүсье.
Ярилцсан Д.Лхагвадорж
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үйл явдал2020/11/23
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2023/04/05
Цэргийн алба хаагчид галын тархалтыг зогсооход дэмжлэг үзүүллээ
-
Дэлхий нийтээр..2023/09/18
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг дэмжив
-
Дэлхий нийтээр..2023/10/27
Ерөнхий cайд Л.Оюун-Эрдэнэ Узбекистан Улсын Ерөнхий cайд А.Н.Ариповтай уулзлаа
