Тод индэр
Г.Занданшатар Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V хурлын салбар хэлэлцүүлэгт үг хэллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр ОУПХ-ноос зохион байгуулж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V хурлын салбар хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Дэлхийн парламентуудын спикерүүдийн V хуралд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэмсэг Спикерүүд ээ,
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Юун түрүүнд Дэлхийн парламентуудын спикерүүдийн V хурлыг зохион байгуулж буй Олон Улсын Парламентын Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Австри Улсын парламентад талархал илэрхийлье. Цаг үеийн нэн чухал асуудлаар үг хэлэх боломж олгосонд баярлалаа.
“COVID-19” цар тахал дэлхийг нийтийг хамраад байна. Энэ өвчин дэлхий дахиныг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өөрчиллөө. Ажил хэрэг явуулах уламжлалт аргуудыг цаашид ашиглах боломжгүй болж байна. Парламентуудын зүгээс ажил хэргээ явуулах шинэлэг арга, хэлбэрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
Хүндэт парламентчид аа,
COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа хууль тогтоогчид бид их зүйл хийх хэрэгтэй байна. Ажил хэргээ онцгой нөхцөлд, бэлэн байдлын горимоор зохион байгуулж, ирэх 12-18 сарын хугацаанд зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал "Алсын хараа-2050" хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталсан. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлэх, баялгийг тэгш хуваарилах, ногоон хөгжлийг эрхэмлэх зарчмаар улс үндэстнээ хөгжил цэцэглэлтэд хүргэх замын зураглал юм.
“Алсын хараа-2050”-д заасан зорилт, зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид "Хөгжиж буй Монгол Улс 2020-2025" дунд хугацааны бодлого болон "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр" богино хугацааны бодлогыг боловсруулж байна. Эдгээр бодлогын баримт бичгийн ач холбогдол нь цар тахлын дараах “шинэ, хэвийн байдал”-ыг тодорхойлоход оршиж байгаа юм.
2020 оны 4 дүгээр сард Монгол Улсын Их Хурал “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай хуулийг баталж, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахаар хичээж байна. Түүнчлэн, УИХ-ын зүгээс дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн цахим үйлчилгээнд шилжих зэрэг санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах тухай тогтоол баталсан. Энэхүү тогтоол нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бизнесийг сэргээх зээлийн урсгалыг нэмэгдүүлэх, тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг, туслалцаа үзүүлэх, зээлийн хүүг бууруулж, гадаад валютын нөөцийг өсгөх, чадварлаг засаглалтай банкны салбарыг бий болгоход чиглэгдсэн болно.
Бүх дэлхий экспоненциал бэрхшээлийн хямралтай тулгарч байна. Дэлхий нийт энэхүү цар тахлын эсрэг оновчтой хариу арга хэмжээ авч, шинэ дэг журмыг тогтоож, дэлхийн хөгжил цэцэглэлтийг сэргээхийг эрмэлзэж байгаа энэ үед бид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, тогтвортой шийдэл олох чиглэлээр хүчин чармайлт гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.