Тод индэр
ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзлаа

Тэрбээр НҮБ-ын зүгээс дэлхий нийтэд дэгдсэy "COVID-19" цар тахлын үед Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгааг дурдаад ковидын нөхцөл байдлаас үүдэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх алхмаасаа ухарч болохгүйг онцгойлон анхаарах учиртайг хэлсэн.
Мөн НҮБ ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжил зэрэг олон асуудлыг хамруулахыг зорьж буйгаа танилцуулав.
А.Ариунзаяа сайд Тапан Мишрад хариу талархал илэрхийлээд “Өмнө нь би Засгийн газарт төлөвлөлтийг нотолгоонд суурилж хийхийг зөвлөдөг байсан бол одоо энэ бүхнээ ажил хэрэг болгох боломж олдсонд баяртай байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Өндөр төвшний улс төрийн форумд оролцож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын талаар мэдээлэл хийсэн.
Бид ковидын хүнд хэцүү үед ч Тогтвортой хөгжлийн зорилтын чиг шугамаас гажихгүй. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлийн бүхий л үйл ажиллагааг дэмжих болно” хэмээгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд нийгмийн хамгааллаас гадна хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ онцолсон.
Тэрбээр “Ядуурлыг бууруулахад хөдөлмөр эрхлэлт маш чухал үүрэгтэй. Мөн жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна. НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж, эхний хэсэг дууссан. Хоёр дахь хэсэг удахгүй эхлэх гэж байгаа.
Мөн гэр бүл, хүн амын бүлгүүдийн асуудалд анхаарч ажиллана” гээд НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын амжилттай хамтын ажиллагаанд талархаад хамтдаа илүү ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр бий болгох боломж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарын үйл ажиллагаа, малчдын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцож, найрсаг дотно яриа өрнүүллээ.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.