Хэн юу хэлэв...
Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ болон ЭМЯ-наас өгсөн нийтлэг шаардлагыг хангаж олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар болсон. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баяр наадмын төв талбайд болно. Хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр дамжуулан 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан зохион байгуулна. Энэ жил Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийтэд үйлчлэх үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Тийм учраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор хэлье. Ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур болон шагайн харваа, төрийн хүндэтгэлийн концертыг нийт ард иргэддээ радио, телевизээр болон цахимаар шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үзэгчгүй наадам гэж хүмүүс ярьж байна. Харин ч энэ жилийн наадмыг зайнаас хамгийн олон хүн үзнэ. Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байна” гэв.
Мөн нийт ард иргэд та бүхэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах, баяр наадам зохион байгуулагчид болон Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг хүсэж байна гэсэн юм.
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “2020 оны наадмын төсвийг 2019 оны долоодугаар сараас эхлэн төлөвлөдөг. Үндэсний их баяр наадмыг хуулийн дор зохион байгуулдаг. 2020 оны наадмыг 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тус ажлыг есөн салбар хорооноос зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн 3 тэрбумаас 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөн гүйцэтгэл санхүүжилт нь гарч байна. Өмнө жилээс онцлог зүйл нь сур, бөх, хурдан морь уралдааны газарт халдваргүйжүүлэлт хийж байгаа учраас ариутгалын тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Мөн бусад шагнал, урамшууллын зардлыг хуулийн дагуу тогтоож гаргасан. Түүнчлэн хэв журам Цагдаа, Онцгойгийн ажилчдыг тээвэрлэх зардал ч орсон” гэлээ.
Ж.Амгалан: Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага улсын их баяр наадам болбол хэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулсан. Хэрэв Хүй долоо худагт нэгдсэн байдлаар тэмдэглэвэл 800 бөх, хурдан морь, уяач, хүүхдүүд гээд олон хүн бөөгнөрөх учраас тус тусад нь зохион байгуулахаар болсон. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнд болбол хотын төвд учраас халдвар дэгдэх аюултай гэж үзэн XIII зуун цогцолбор, Хүй долоо худагт болохоор болсон. XIII зуунд Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваан талбай бэлэн болсон. Цогцолборт зөвхөн уралдаанд оролцох хүн л орно. Хүй долоон худагт бэлдсэн 2000 орчим автомашины зогсоолд харваач, бөхчүүд машинаа байршуулна. Маргааш хурдан морины салбар комисс хуралдаж, дахин нарийн шийдвэр гаргана. Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Орж байгаа хөдөлгөөн нээлттэй байна” гэдгийг мэдээллийн үеэр онцолж хэлэв.
Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргана гэв

Үндэсний их баяр наадмын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Би 1980 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн ажилд жил алхсалгүй оролцсон. Бидний зохион байгуулсан зүйлс бүх хүний сэтгэлд нь хүрдэггүй. Гэхдээ дийлэнх нь наадмын нээлт, хаалт гайгүй боллоо гэсэн яриатай хоцордог. Жил бүр наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хүн буюу 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг. Түүнчлэн Хүндэтгэлийн концерт СТӨ-нд 1.200 хүн сууж үздэг. Үүнээс ихэнх нь УИХ-ын гишүүд, гадаад дипломат төлөөлөгчдийн газрынхан байдаг. Харин бодит байдал дээр 600 иргэн л үздэг. Энэ нь хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тийм учраас наадмын нээлт үзэж чадахгүй гэдэг нь цөөхөн хүний яриа бөгөөд тэдгээр хүмүүст л хамаатай асуудал. Жил бүр телевизүүд наадмыг шууд дамжуулахад маш их анхаардаг ч техникийн маш их алдаа гарч, сүүлд нь хэцүүхэн бичлэг үлддэг. Энэ жилийн хувьд эртнээс бэлдэж байгаа учир ямар нэг техникийн алдаа гарахгүй. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Монгол Улсын хүн амын 99.99 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс гурав дахин илүү чанартай түвшинд хүлээж авна. Хамгийн гол нь наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг хальс дээр буулгаж, Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргаж авах юм” хэмээлээ.
Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын өдрүүдэд:
- Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,
- Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол,
- Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал;
- Дээлтэй Монгол наадам;
- Өсвөрийн бөхийн барилдаан;
- Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа;
- Төрийн дайллага;
- Уяачдын наадам;
- Соёл, урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар түр журамд заасан гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлсэн юм.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Хэн юу хэлэв...2023/01/11
М.Баяраа: Халиа тошин үүссэн байршилд суваг татан, далан босгож, цас мөсийг цэвэ...
-
Дэлхий нийтээр..2023/04/28
“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг болно
-
Хэн юу хэлэв...2020/07/06
Монгол Улсын Эрчим хүчний салбарт шинэчлэл шаардагдаж байна
-
Үйл явдал2023/01/16
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
