Тод индэр
100 саяын горилогчид

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 6 ГОРИЛОГЧ 2 ТЭРБУМ 217 САЯ ТӨГРӨГ АН-Д ТӨЛНӨ
Үндэсний цөөнх болсон казакууд амьдран суудаг Баян-Өлгий аймаг 3 мандаттай. Үндэсний аудитын газраас тус аймгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 405.4 сая төгрөг гэж баталж өгсөн.
Баян-Өлгий аймгаас өнөөдөр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Монгол Улсын гавьяат эмч Б.Бесин, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Шандос, УИХ-ын гишүүн Д.Мурат, “Монистройэра” ХХК-ийн захирал Р.Гажаев, УИХ-ын гишүүн асан А.Бакей нар тус бүр 100 сая төгрөгөө урьдчилан төлсөн.
С.Эрдэнийн халаасанд нийтдээ 600 сая төгрөг төлсөн эдгээр горилогчид 5 сарын 10-наас өмнө тус бүр 202,7 сая төгрөг буюу нийлбэр дүнгээрээ 1.2 тэрбум тушаана. Үүн дээр урьдчилж төлсөн 600 саяыг нэмэхээр 1 тэрбум 816 сая төгрөг болж байна. Дараа нь Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлэх албан ёсны 3 нэр дэвшигчээс авах мөнгө дахиад 608.1 сая. Нийт дүн нь 2 тэрбум 217 сая төгрөг болж байна.Тэгвэл С.Эрдэнийн халаас руу 2 тэрбум 217 сая төгрөг шургуулан нэр дэвшихээр горилж буй эдгээр 6 нэр дэвшигч хэн нь хэн бэ?
1. Монгол Улсын гавьяат эмч Б.Бейсен. Хувийн эмнэлэгтэй. Гэвч сүүлийн үед түүнийг хахуул авч олон хүнийг группт оруулдаг, эндээсээ асар их ашиг олдог гэсэн хэл ам дэгдээд байна. Тодруулбал, эмнэлэгийн магадлагааг хуурамчаар үйлдэж байгаа хэрэгт холбогдоод байгаа.
2. Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан. Дэд сайд байхдаа албан тушаалаа ашиглан ИНЕГ-ын тэтгэлгээр өөрийн хүү Б-г АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр сургахаар явуулсан хэргээр АТГ-т шалгагдаж, хариуцлага хүлээсэн.
3. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос оюутны холбоогоор гарч ирсэн. Улс төр болон төрийн албаны талаар туршлага тун нимгэн. Түүний аав аймагтаа зочид буудал, рестран ажиллуулдаг, бийлэгжүү нэгэн учраас хүүгийнхээ сонгуулийн зардлыг ёстой нөгөө гэрээ зараад ч хамаагүй гаргаж өгөхөөр шийдсэн гэнэ.
4. “Монистройэра” ХХК-ийн захирал Р.Гажайв. Барилгын компанитай. АН-ын үед томоохон тендерүүд авч бэлжсэн.
5. УИХ-ын гишүүн Д.Мурат. УИХ-д дөрвөн жил суухдаа бөгс бөөрний хэрүүлээрээ хамгийн их алдаршиж, ичимдэг эрхтнээ ил гаргаж, охид хүүхнүүд айлгасан, хамгийн увайгүй гишүүдийн нэг.
6. УИХ-ын гишүүн асан А.Бакей. УИХ-ын гишүүн болонгуутаа эхнэрээ төрийн яаманд ажилд оруулж, төрсөн нутагтаа бүхий л ах дүү нараа дарга болгон томилж нутагтаа асар их нэр хүндээ алджээ. Тодруулбал А.Бакей гишүүн болсныхоо дараа төрсөн дүүгээ Баян-Өлгийн аймгийн ЗДТГ-ын дарга, төрсөн ах нь Цэнгэл сумын засаг дарга гэх мэт албан тушаал авч, аймгийг ах дүү нарын хувийн компани болгон хувиргаж байжээ.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.