Үйл явдал
Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын барилгын ажил гурван байршилд үргэлжилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилтын хүрээнд төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцуудыг үе шаттайгаар барьж байна. Төсөл нийслэлийн гурван байршилд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нэгдүгээр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж буй Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд төлөвлөсөн явган хүний болон дугуйн замын ажил бүрэн дуусжээ. Мөн нүхэн гарцын дээгүүр баригдах 90 метр урт явган хүний гүүрийн шон, суурийн ажлыг бүрэн гүйцэтгэж, одоогоор гүүрийн металл хийцийн угсралтын бэлтгэлийг хангаж байна.
Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын саатлыг бууруулах ач холбогдолтой.
Хоёрдугаар байршил болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох бөгөөд 28 метр урт, таван метр өндөр туннель, 1.48 км урт авто зам, явган хүний болон дугуйн замыг цогцоор нь байгуулна.
Нүхэн гарц ашиглалтад орсны дараа хоногт дунджаар 27.5 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай болж, нийслэлийн баруун бүсийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах боломж бүрдэх юм.
Гуравдугаар байршил болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Гермес” худалдааны төвийн урд хэсэгт хэрэгжиж буй нүхэн гарцын барилга угсралтын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох бөгөөд төмөр замын доогуур урьдчилан бэлтгэсэн төмөр бетон байгууламжийг түлхэж суурилуулах box jacking технологийн үндсэн ажлыг бүрэн дуусгажээ. Одоогоор авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлууд үргэлжилж байна.
Нийслэлийн хэмжээнд төмөр замын гармууд хаагдах үед үүсдэг саатал авто замын хөдөлгөөнд томоохон хүндрэл учруулдаг. Шинээр баригдаж буй нүхэн гарцууд ашиглалтад орсноор төмөр замын гармын хүлээлт багасаж, баруун бүсийн авто замын сүлжээний уялдаа холбоо сайжрах юм.
Мөн автомашин, явган зорчигч, дугуйтай иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал дээшилж, иргэдийн зорчих нөхцөл илүү хүртээмжтэй болохоос гадна хотын түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Үйл явдал
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцолж өнөөдөр /2026.10.28/ тус сургуульд ажиллалаа. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Нийслэлийн 149 дүгээр сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ. Шингэрүүлсэн хийн зуух ашигласнаар агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.
Төсөл хэрэгжүүлэхэд төсвөөс мөнгө зарцуулаагүй, Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоор санхүүжилтийг шийджээ.

Төслийн өртөг 860 сая төгрөг. Энэ зардлыг “Саусгоби сэндс” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн бол гүйцэтгэгчээр “Газком” ХХК ажиллажээ. Тоног төхөөрөмж угсарч, хийн зуухыг ашиглалтад оруулахад хоёр сарын хугацаа зарцуулсан байна.
“Газком” компани Чингэлтэй дүүргийн 117, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлсэн бөгөөд 2018 оноос хойш 50 гаруй байршилд уурын зуух буулгаж хийн түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлжээ.
2025 онд нийслэлийн 13 байршилд 27 уурын зуухыг шингэрүүлсэн хийн халаагуурт шилжүүлж 6300 тонн нүүрсний хэрэглээг халсан. Энэ нь 1,400 гаруй айлын яндантай дүйцэх хэмжээний бохирдлын эх үүсвэрийг арилгасан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.




Үйл явдал
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Үйл явдал
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Үйл явдал2022/01/18
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Дэлхий нийтээр..2025/10/16
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
-
Дэлхий нийтээр..2026/01/21
Л.Хосбаяр: Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлэх цогц хөтөлбө...
-
Дэлхий нийтээр..2025/06/18
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
