Дэлхий нийтээр..
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна
Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Тодруулбал, нийслэлд тулгамдаж буй үер, усны асуудлыг шийдвэрлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд 17 байршилд үерийн хамгаалалтын 102 км далан суваг, инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийг өргөтгөх, 50 км урт бохир усны шугам, худаг доторлогооны ажлыг хийнэ.
Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар Дэлхийн банкны төлөөлөгчдөд уг төслийн нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулахад буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрчлэн “ТЭЗҮ-ийн судалгаагаар төслийн байршилд 560 мянга орчим хүн ам үерийн эрсдэлд өртөх магадлалтай бөгөөд 1.2 их наяд төгрөгийн хэмжээний хохирол учрах эрсдэлтэй гэсэн тооцоолол гарсан. Энэ нь энэхүү төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Мөн та бүхний санал болгосон Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон түүнийг бууруулах арга хэмжээний талаарх семинарыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах санаачилгыг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж байгаа бөгөөд зохион байгуулалтыг Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханд хариуцуулан ажиллаж байна” гэв.
Мөн талууд “Тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, сонгогдсон гудамж замуудын одоо байгаа сүлжээг засварлан, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн системийг бий болгохоор төлөвлөж буй. Дэлхийн банкны зүгээс уг төслийн гэрээлэлтийн үйл явцыг илүү шуурхай, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт ойролцоогоор 15 хувьтай байгаа юм. Мөн цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Харин хотын дарга Х.Нямбаатар төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, удаашрал үүссэн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжилт саатсан болон эрсдэлтэй төслүүд дээр биечлэн ажиллана гэдгээ илэрхийлэв.
Мөн төслүүдийн явцыг хурдасгах, бодит үр дүнд хүргэхэд удирдлагын түвшний хяналт, оролцоо чухал гэдгийг онцолсон юм.

Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/08/21
Голууд үерийн аюултай түвшинг 10-75 см даван хүчтэй үерлэж байна
-
Үйл явдал2023/05/11
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Дэлхий нийтээр..2025/08/12
Гадаадын иргэний халааснаас 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан э...
-
Дэлхий нийтээр..2020/08/31
Усны асуудалд нухацтай хандана
