Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Н.Учрал БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.
Түүх, соёлын хувьд нийтлэг өв уламжлалтай Турк Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш хэмээн тодотгоод харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэрбээр онцлов.
Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, чухал байр суурь эзэлдгийг тодотгоод, цаашид парламентын даргын түвшинд төдийгүй Байнгын хороод, найрамдлыг бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих зорилготой “Чөлөөлье” санаачилгыг эхлүүлсэнээ дурдав. Энэ хүрээнд, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэцүүлэхээр бэлтгэж байгааг хэллээ. УИХ-ын даргын дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлд банк, санхүүгийн салбарын реформ багтсан талаар дурдаад гадаадын банк дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Башак Гэнч Юксэл, газарзүйн байршлын хувьд алс хэдий ч түүх, соёлын гүн гүнзгий хэлхээ, холбоотой манай хоёр улсын олон талт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг ярианыхаа эхэнд онцоллоо. Тэрбээр, өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний үр дүнг ажил хэрэг болгоход идэвх чармайлт гаргаж байгаагаа дурдаад ялангуяа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарч байна гэв.
Турк Улсаас Монгол Улсыг зорих бизнес эрхлэгчид жил бүр нэмэгдэж байгааг дуулгаад, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах сонирхол өндөр байгааг онцоллоо.
Хоёр улсын эдийн засгийн бүтэц нэг нэгнээ харилцан нөхөж болохуйц төдийгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асар их нөөц, бололцоо байгаа хэмээн Элчин сайд тодотгов.
Уулзалтын төгсгөлд, талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар илүү баяжуулж, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/11/29
Нөхцөл байдлыг сайтар судлах замаар авлигатай хэрхэн үр дүнтэй тэмцэх вэ
-
Үйл явдал2019/08/20
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2022/12/06
Монголын цахим сэтгүүлзүйн салбарт шинэ хуудас нээгдлээ
-
Дэлхий нийтээр..2021/02/17
"Ковид-19"-ийн вакциныг түгээхэд агаарын тээврийн компаниуд хамтарна
