Дэлхий нийтээр..
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хийлээ.
Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Э.Болормаа, М.Ганхүлэг, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Ц.Туваан, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэг ойн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, хуулийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах чиглэлээр холбогдох саналыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлоход чиглэжээ.
Хэлэлцүүлэгт ойн салбарын чиглэлээр бодлого тодорхойлдог, үйл ажиллагаа явуулдаг салбарын яам болон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс танхимаар 56, цахимаар 33, нийт 89 хүн оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Улсын Их Хурлын даргын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 2025 оны 523 дугаар захирамжаар 12 ажлын хэсэг байгуулсныг дурдаад энэ дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсныг онцлон тэмдэглэлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох хуулийн хүрээнд ажлын хэсэг Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллах болсныг тодотголоо. Учир нь ажлын хэсэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас боловсруулан саяхныг хүртэл танилцуулж байсан Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өөрчлөгдөж буй тул өнөөдрийн хэлэлцүүлгээр төслийн талаар танилцуулахгүй болсныг мэдэгдлээ.
Тэрбээр цаашид хуулийн төслийг чимээгүй хэлэлцэж, ханцуй дотроо наймаалцах, хууль мэддэг гэх хэн нэгэн хүмүүсийн нөлөөн дор хуулийг баталж болохгүйг онцлоод асуудлаа нээлттэй, ил тод ярилцах нь зүйтэй гэлээ. Мөн ой модтой аймгийн иргэд ойгүй нутгийнхантай адил хязгаарлалтад өртөж буйд анхаарч, ойн дагалдах баялгийг ашиг орлогын төлөө сүйтгэдэг байдлыг яаралтай халж, салбарын хууль нэг үзэл баримтлалтай, нэг төсөлтэй байх шаардлагатай хэмээв. Өнөөдрийн хэлэлцүүлгээр дэд ажлын хэсэг байгуулах, улмаар хуулийн төслийн хүрээнд ойн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд салбарын төлөөлөл бүрийн саналыг сонсож, нэгтгэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч онцлон тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Ойн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгааны үр дүн” сэдвээр илтгэл тавьсан. Уг илтгэлд Монгол орны ойн сангийн хэмжээ, хуулийн хэрэгжилт, ойн түймрийн нөхцөл байдал тэмцэл, хөнөөлт хортон шавжийн голомт, тархалт, ойгоос хэрэглээний мод, түлээ ашигласны төлбөр, улсын төсвийн ойжуулах хөтөлбөрийн зардлын гүйцэтгэл, тулгамдсан асуудлын талаар хөндсөн байв.
Тэрбээр Ойн тухай хуулийг 2012 онд баталснаас хойш нийт 13 удаа нэмэлт, өөрчлөлт хийснийг дурдаад энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэснийг тодотголоо. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд түймэрт өртсөн га талбайн хэмжээ 2023 онд 1.3 га газар байсан нь хамгийн бага үзүүлэлт байсныг онцлов.
Мөн Монгол орны ойн сангийн хэмжээ, улсын төсвийн ойжуулах хөтөлбөрийн зардлын гүйцэтгэлийн талаар танилцуулсныг доорх зурагнаас харна уу.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй салбарын хуулиар засаглалын суурь бүтэц бүрдсэн, ур чадварын нөөц хадгалагдсан, ойн нөхөрлөлийн сүлжээ бий болсон, захиргааны хэм хэмжээний актууд практикт шалгарсан, бодлогын олон талын дэмжлэгтэй болсон зэрэг давуу талууд бий болсон гэж байлаа.
Харин цаашид хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй болгоход өмчлөлтэй холбоотой эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, тухайлбал, Үндсэн хууль болон Ойн тухай хуульд ойг төрийн өмч гэж заасан ч ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн эрх, үүрэг нь олон байгууллагад тараагдсанаас улс төржсөн эсвэл зөрүүтэй шийдвэр гаргах орон зайг бий болгож, эцсийн хариуцлагыг сулруулдаг гэж байв. Мөн олон нийтийн оролцоог тэлэх, ойн мэдээллийн систем, ойн тооллого, төлөвлөлтийн нийцлийг хангах, мод үржүүлэг, ойжуулалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудалтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах, цаашлаад хуульд тусгагдсан гол хязгаарлалтууд мөрдөгдөхгүй байгаад анхаарах, татварын хөнгөлөлтийг тодорхой болгох зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг илтгэлд дурдсан байв.
Үндсэн илтгэл болон ойн салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал хэллээ. Тэд хуулийн төслийг цаг үе, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нийцүүлж, шинэчлэн сайжруулах шаардлагатай болсныг тэмдэглээд цаашид салбар хоорондын уялдаа холбоог хангах, ойн аж ахуйг ашиглалт, хамгаалалт, мониторинг гэсэн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, ой ашиглалтын асуудалд бодлого боловсруулах, ойг хамгаалахтай холбоотой урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохицуулалт шаардлагатай талаар санал хэлэв. Мөн хуулийн төслийн ажлын хэсэгт аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах, оролцоог хангах, ойн салбарын бүтцийн давхардлыг арилгах, мэдээллийн сангийн тогтолцоог сайжруулах, ойн ангийг тусдаа бүлэг болгон төсөлд тусгах зэрэг асуудлыг хөндөж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг хааж, үг хэлсэн. Тэрбээр тус хэлэлцүүлэгт цаг заваа зарцуулан, мэдлэг оюун ухаанаа шингээсэн үнэтэй санал өгсөнд оролцогчдодоо талархахын зэрэгцээ дэд ажлын хэсэгт оролцож ажиллахыг урьсан юм.
Ойн салбарын оролцоо, төлөөллийг хангасан дэд ажлын хэсэг байгуулах бүрэн боломжтойг тодотгоод хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ойн тухай хуулийн хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажлын хэсэг шуурхайлан ажиллаж буйг тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2020/09/16
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 1.0 хувиар буурлаа
-
Дэлхий нийтээр..2023/08/08
Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна
-
Дэлхий нийтээр..2023/04/28
Америк сургуулийн уулзвараас Богдхан уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг т...
-
Тод зураг2022/08/09
Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг
