Дэлхий нийтээр..
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо
Хүчирхийллийн золиос болсон хохирогчдыг хамгаалах нь төрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа байдаг. Дэлхий нийтэд сорилт болоод буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байр бол түргэн шуурхай, мэдрэмж өндөртэй үйлчилгээ шаарддаг онцлогтой. Улаанбаатар хотноо 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр нээсэн “Шинэсаран” түр хамгаалах байранд нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадалтай, хүний эрхийн олон улсын жишиг, стандарт хангасан анхны байгууламж төдийгүй сэтгэл зүй, эрх зүй, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн тусламж үйлчилгээ, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хүний нөөц, орчинг бүрдүүлжээ.
Хүн бүр айдас, хүчирхийллээс ангид амьдрах ёстойг, энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүйг байнга сануулах үүднээс Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлэн гэр бүлийнх нь зөвшөөрөлтэйгээр шинэ төвийг нэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээлтийн үеэр онцолсон юм. Тэрбээр, энэхүү төсөл нь зөвхөн барилга байгууламжийн нээлт бус, харин хүний эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодит алхам гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын стандарт болон Израйл Улсын Түр хамгаалах байрны загвараас жишээ авч, олон улсын жишигт нийцүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг нас, хүйс харгалзахгүй хүлээн авч сэтгэл зүй, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдрах ухааны дадлага, сургалт, зөвлөгөө үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө, тасалгаатай шинэ жишиг болохуйц барилга болжээ. Цаашид түр хамгаалах байруудыг энэ загвараар байгуулж, хүүхэд, эмэгтэйчүүдэд аюулгүй орчин, хамгаалалт, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх болно.
Гэр бүлийн хүчирхийлэл бол нэг айлын асуудал биш, нийгмийн аюулгүй байдал, ирээдүй хойч үеийн аж амьдралд шууд нөлөөтэй, ноцтой асуудал учраас Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрх зүйн шинэчлэлийг шат дараалан хэрэгжүүлж ирсэн, цаашид ч эрх зүйн орчинг боловсронгуй болгож, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэн, хохирогчдод үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Үүнд өөрийн биеэр манлайлал үзүүлж ажиллах болно гэв.
Түүнчлэн хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн дэд сайдын хамт Цагдаагийн ерөнхий газрын харьяа түр хамгаалах байрны нөхцөл байдалтай очиж, танилцахад “Хүн ажиллаж, амьдрах боломжгүй” гэсэн дүгнэлттэй байсан тул шинээр баригдсан ч шийдэлгүй хоёр жил гацсан Түр хамгаалах байрыг яаралтай ашиглалтад оруулах чиглэл өгсөнөө сануулж, цаг алдалгүй, шуурхай ажиллаж, бүтэц орон тоог нь хүртэл шийдвэрлэсэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төслийн багийн хамт олонд талархал илэрхийллээ. Жишиг болохуйц түр хамгаалах байрыг байгуулахад Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон төслийн баг хамт олон, стандартын дагуу тохижуулахад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.
Түр хамгаалах байрны нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масаругийн төлөөлөл болон Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан дарга Чандра Мохан Арора нар оролцож, үг хэллээ. Хүчирхийллийн асуудал ноцтой сорилт хэвээр байгаа энэ цаг үед хохирогчдод аюулгүй орчин, найдвартай үйлчилгээ нэн шаардлагатай талаар тэд онцолж, хүчирхийллийг бууруулах, хүн бүр аюулгүй, амар тайван амьдрах боломжтой нийгмийг цоглоохын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлж байлаа.
Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байрыг ашиглалтад оруулснаар нийслэлийн хэмжээнд гурван түр хамгаалах байртай боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/08/20
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
-
Дэлхий нийтээр..2024/11/22
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шал...
-
Дэлхий нийтээр..2021/08/13
Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны үнэлгээг хийнэ
-
Дэлхий нийтээр..2025/02/20
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын IV бага хурал бо...
