Дэлхий нийтээр..
Цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийлээ
Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээлээ.
Энэхүү эмчилгээг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг Н.Оюундэлгэр ахлагчтайгаар санаачлан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), Бүгд Найрамдах Турк Улсын “Medical Park” эмнэлэг, мөн ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хамтран амжилттай хэрэгжүүлэв. УНТЭ-ийн уг баг өмнө нь цусны хавдартай насанд хүрэгчдийн 36 тохиолдолд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн туршлагатай юм.

Эмчилгээний явцад ЭХЭМҮТ-ийн удирдлага, Хүүхдийн цус, хавдрын тасгийн эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, Турк Улсын нэр хүндтэй эмч, мэргэжилтнүүд болох Профессор Тунч, доктор Башак, мөн менежер Сапта нар арга зүй, мэргэжлийн зөвлөгөөг өгч ажиллав.
Эмчилгээ хийлгэсэн 15 настай М охин нь 5 настайдаа цусны хавдраар оношлогдож 9 жил эмчилгээ хийлгэн, өвчин нь удаа дараа сэдэрч байсан бөгөөд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа биеийн байдал нь сайжирчээ. Одоогоор тогтвортой байдалтайгаар хяналтын эмчилгээнд хамрагдаж буйг Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч Н.Оюундэлгэр танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол нэмэгдэх болсон ба жилдээ 150-200 тохиолдол, үүнээс хүүхдийн цусны хорт хавдрын 50-60 орчим тохиолдол оношлогдож байна. Өмнө нь цусны хорт хавдрын оноштой хүүхдүүд гадаадын улс оронд өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг байсан нь эдийн засгийн хүнд дарамт учруулдаг байв. Тодруулбал, цусны хавдрын үед үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадын улсуудад 350-500 сая төгрөгөөр хийдэг.
Харин Монгол Улсад анх удаа амжилттай хийж эхэлснээр иргэдийн гадаад руу урсах зардлыг бууруулах, эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах бодит боломж бүрдэж байна. Энэхүү амжилт нь Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, ялангуяа
хүүхдийн цус, хавдрын тусламж үйлчилгээний чадавхыг шинэ түвшинд хүргэх чухал алхам болсныг онцолж байна.
Турк Улсын “Medical Park” эмнэлгийн багтай хамтран цусны үүдэл эс шилжүүлэн суулгах 3 эмчилгээг хийхээр төлөвсний эхний нь амжилттай болсон бөгөөд дараагийн хүүхдэд эмчилгээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж буйг өнөөдөр хэллээ. Мөн Турк Улсад үүдэл эсийн эмчилгээний чиглэлээр эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах зэргээр хамтран ажиллах юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
