Тод мэдээ
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, цасанд боогдсон зам давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэв.
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 79 хувьд цастай байна. Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэ суманд цасны зузаан 20 см-ээс дээш байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Рашаант, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарын гол, Хонгор (5 аймгийн 7 суманд) цагаан зудтай, Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Баяннуур, Хангал, Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Дархан-Уулын Орхон, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дорнодын Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэнд цагаанаар зудархуу (9 аймгийн 17 суманд) байдалтай, цаашид сумдын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн зуншлагын нөхцөл муу, бэлчээрийн ургамлын гарц тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймагт нийт 8.1 сая, төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 6.2 сая мал буюу нийт мал сүргийн 21.78 хувь нь өвөлжиж, хаваржихаар байгаа тул эдгээр бүсийн өвөлжилт, хаваржилтад анхаарал хандуулах шаардлага байгааг илэрхийлж байна.
Тод мэдээ
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Тод мэдээ
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц, боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
Зөвлөл нь үүсээд буй нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ шуурхай авах, нөөц, чанар, үнэ бүрдэлтэд хяналт тавих, зорилтот стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, яамд хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход оновчтой шийдэл болно гэж үзжээ.
Тод мэдээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан.
Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ.
Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй.
Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.
НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.
Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

-
Тод мэдээ2020/01/03
“Next stop” наадам бүтээн байгуулагчдын төслийн материалыг хүлээн ав...
-
Тод мэдээ2021/06/17
Ресторан, кафе, хоолны газрын танхимын үйлчилгээг 7 хоногийн хугацаатай хориглов...
-
Тод мэдээ2021/03/30
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Өнөөдөр2020/12/09
УИХ-ын байнгын хороод цахимаар хуралдана
