Үйл явдал
#COP17 НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлыг байгальд хаяна. Үүний дүнд бензин, тос борлуулж ашиг олж байхад бусад нь хэрэгцээгээ хангадаг. Харин энэ үйлдвэрлэлийн явцад агаарын бохирдол улам нэмэгдэж, амьсгалын замын өвчлөл ихэсч байх жишээтэй. Иймэрхүү байдал олон улсын хэмжээний худалдаанд ч ажиглагддаг. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог. Хөгжилтэй орнуудад экспортлох зорилгоор хамгийн тансаг, өндөр үнэтэй сам хорхой үржүүлнэ гэж бодъё. Үүний тулд хиймэл нуур байгуулж эрүүл газрыг ухаж, хэдэн зуун жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаядаг. Гэтэл экосистемийг ингэж бүхэлд нь устгаж өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй ээ. Тухайн орон нутгийн иргэд хохирно гэсэн үг. Угтаа бол энэ бүхэн ногоон эдийн засгийн үзэл баримтлалаас тэс өөр үйлдвэрлэл байгаа биз.
Цаашлаад цөөн хэдхэн хүний эрх ашгийн тулд байгаль орчин нийгэм бүхэлдээ хохирдог жишээ олныг дурдаж болно. Амьтны мах, арьс үс, эд эрхтнийг нь, ургамлын шим шүүс, аминдэмийг нь ашиглах гэж, модыг үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд зориулж огтолж устгадаг. Экологийн тэнцвэрт байдлыг ийнхүү алдуулснаар эцэст нь хүн төрөлхтний тогтвортой амьдрах, эсэх шалтгаалж байна.
Тэгвэл ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэж юу вэ? Товчхон ойлголт өгье. Ногоон бүтээгдэхүүн гэдэг ойлголт цэвэр үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн хөгжил нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм. Тиймдээ ч “…Үйлдвэрлэлийн явцад байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, дахин ашиглагдах материалыг түлхүү хэрэглэж, хатуу хог хаягдал, ус, хөрс, агаарын бохирдлоос сэргийлж, хэрэглэгчдэд хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал” хэмээн үзэж байна. Түүнчлэн түүхий эдийн олборлолт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, худалдаа, хэрэглээний бүх үе шатанд байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнийг “ногоон бүтээгдэхүүн” гэж тайлбарладаг.
Дахиад жишээ татъя. АНУ хөрсөө буруу технологиор боловсруулаад их хэмжээний газраа ямар ч хэрэггүй болгосон түүхтэй. Эргүүлж сэргээхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж сайжруулжээ. Харин Канад буудайн орон. Тэднийх талбайгаа тойруулаад мод тарьж ойн зурвас байгуулсан байна. Хөрсөө элэгдэл эвдрэлээс хамгаалах нэг арга энэ. Мөн тойруулж тарьсан мод нь харгана байв. Ингэж хамгаалснаар канадчууд өөрсдийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй буудайн экспортоос өндөр ашиг олдог.
Германчууд ямаа өсгөж үржүүлдэг. Гэхдээ ноолуурыг нь авах гэж биш. Сүү сайтай цөөн тооны ямаагаар сайн чанарын бяслаг үйлдвэрлэж байна. Берлиний захад суурьшдаг 80 ямаатай хоёр эмэгтэйг энэ хотынхон андахгүй. Тэдний үйлдвэрлэсэн ямааны бяслаг “БИО” НОГООН ШОШГО бүхий чанарын тэмдэгтэй бөгөөд нэг кг-ыг нь 34-40 еврогоор борлуулдаг. Эндээс нэг зүйлийг анзаарав уу. Өнгөрсөн оны тооллогоор Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой 27 сая гарчихсан байна. 1990-ээд оноос хойш ноолуурын үнэ өссөнтэй холбоотойгоор ямааны тоо толгой гэрлийн хурдаар үржсэн хэрэг. Мал сүргийн тоо толгойн хэт өсөлттэй холбоотойгоор бэлчээрийн талхагдал, доройтол манай орны хувьд тэргүүн эгнээнд бичигдэх бэрхшээлийн нэг яах аргагүй энэ болоод байна.Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн
Үйл явдал
"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх уриалга гаргасан. Тэгвэл өнөөдөр хотын өнгө үзэмжийг сайжруулж, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Volunteer Mongolia” байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг албан ёсоор эхлүүллээ.

Өнөөдөр 300 гаруй залуус сайн дураараа нэгдэж, Олимпын гүүр болон явган хүний зам, дугуйн замыг угааж, цэвэрлэлээ. “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаа энэ зуны турш үргэлжлэх юм байна.
“Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг санаачлагч, “Volunteer Mongolia”-г үүсгэн байгуулагч А.Ням-Од “Манай байгууллага 2021 оноос хойш сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Туул гол, Сэлбэ гол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж цэвэрлэх ажлуудыг санаачилж хийж байсан. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг учраас хот өнгө үзэмжтэй байх ёстой.

Наймдугаар сард COP17 олон улсын хурлаар олон зуун зочид, төлөөлөгчид ирнэ. Мөн манай улсад зун жуулчид олноор зочилдог. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны газраа цэвэрлэж, хотоо соёлтой болгохыг залуус бид уриалж байна. Бид дараагийн удаад Энхтайваны гүүрийг цэвэрлэнэ” гэлээ.
Хотын аж ахуйн нэгж, байгууллагууд нь НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр газрын эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг залуус уриаллаа.
Үйл явдал
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт эхэллээ
Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөлөл, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөгч оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2015 онд баталсан, 2030 он хүртэл хэрэгжүүлэх ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, тэгш байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах 17 зорилгыг хэрэгжүүлэх талаар бодлогын түвшинд санал солилцдог хамтын ажиллагааны платформ юм.
Өмнөх хоёр жилд энэхүү яриа хэлэлцээгээр Жендэрийн тэгш байдал ба тогтвортой хөгжил, Энх тайван, шударга ёс, хүчирхэг институци гэсэн тогтвортой хөгжлийн 5, 16 дахь зорилгуудын талаар ярилцсан бол энэ удаа 17 дахь зорилго болох Хөгжлийн төлөөх улс, орнуудын түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тийм ч учраас Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Тогтвортой хөгжлийн зорилгуудын 35 хувь нь төлөвлөсөн түвшнээс доогуур хэрэгжилттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтууд улам бүр нарийн түвэгтэй болж байгааг дурдан, улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, илүү үр дүнтэй түншлэл бий болгох шаардлагатайг тэмдэглэсэн юм.
Тэрбээр, өнөөгийн нөхцөл байдалд 17 дугаар зорилгын хэрэгжилт чухлаар тавигдаж байгааг онцлоод, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, өсөн нэмэгдэж буй сөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай олон сорилтыг нэг улс дангаараа даван туулах боломжгүй гэлээ.
"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үр нөлөөтэй хамтын ажиллагааны чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд талархан дурдаад, Монгол Улс Риогийн гурван конвенцын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион зохион байгуулахаар эрчимтэй ажиллаж байгааг мэдээлэв.
Тогтвортой байдлын яриа хэлэлцээний энэхүү чухал платформыг Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хамтаар санаачилсан НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, "Сайхан ирээдүйн төлөө" сангийн тэргүүн Бан Ги Мүн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага улам бүр чухлаар тавигдаж байгааг мөнхүү онцоллоо. Дэлхий дахины амар амгалан байдлын тогтолцоог сайжруулж, тулгаран буй хүндрэл, сорилтыг шийдвэрлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг тэрбээр чуулга уулзалтын нээлтийн үеэр уриалсан юм.
Түншлэл, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр, санаачилгыг гаргаж, шинэлэг хандлага, хүчин чармайлтаа эрчимжүүлэхэд "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чухал үр дүн гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Чуулга уулзалтыг санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар технологи, инновацийн ололт амжилт, тэр дундаа хиймэл оюун ухааныг нийгмийн моралийг сэргээх, засаглалыг эрүүлжүүлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болгон ашиглах боломжтойг тэмдэглэж, авлигыг засах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, геополитикийн сорилтуудыг даван туулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй дэлхий дахины ардчиллын ухралтыг эерүүлж, түүнийг сэргээн батжуулах гарц шийдлийг олоход технологийн ололт, хиймэл оюун ухааныг ашиглах тодорхой саналыг дэвшүүлсэн тавив.
Тэрбээр хүн болгон AI-г эзэмшье гэсэн уриалгыг чуулга уулзалтын индрээс дэвшүүлж, гарц шийдэл бидний гарт байна, технологийн хүчээр дэлхийн ардчиллыг сэргээгч бүс нутгийн түүчээ болж, шинжлэх ухааны үндэслэлтэй улс төр, ухаалаг эдийн засаг, эв дүйтэй дипломат ажиллагааг нэгтгэн, хиймэл оюуныг хүний эрх чөлөө, сайн сайхны төлөө хөтөлж, ирээдүйгээ ухаалгаар, аюулгүйгээр, зоригтойгоор хамтдаа бүтээцгээе гэлээ.
Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төв (APARC) юм. Тус төвийн захирал, Япон судлал, социологийн профессор, ноён Киёотэрү Цуцуи чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэж хэлсэн үгэндээ хамтын ажиллагааны чухал механизмыг тогтвортой үргэлжлүүлэх нь бүс нутгийн хөгжлийн үйл явцад ач холбогдолтойг онцлов.
Тэрбээр дэлхийн олон нийт өнөөдөр ихээхэн “өөр” нөхцөл байдалтай тулгарч байгааг хэлээд, тогтвортой хөгжлийн зорилгууд бол бидний хүсэн хүлээж буй ирээдүй учир хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүнтэй арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглах зүйтэй гэсэн юм.
Чуулга уулзалт хэсгийн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна
Үйл явдал
Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын дарга Б.Батцэцэг 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр бага хурал зохион байгуулах талбайн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр COP17 бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга Б.Гантуяа болон хурлыг зохион байгуулах байр, барилга байгууламжийн дэд хорооны Нарийн бичгийн дарга Б.Баттулга бага хурлын талбайн бүтээн байгуулалтын явцыг танилцуулж, түүний дотор Цэнхэр бүс (Blue Zone) болон Ногоон бүс (Green Zone)-ийн байгууламж, зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Монгол Улс ирэх 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд UNCCD COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулснаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг ахиулах, дэлхий нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бүх нийтийн хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах юм.

Бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс зохион байгуулагч орны хувьд UNCCD COP17 бага хурлын НБДГ-тай нягт хамтран ажиллаж, хурлын зохион байгуулалт, дэд бүтэц, логистик, аюулгүй байдал болон бусад бүх талын бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу эрчимтэй ханган ажиллаж байна.
-
Үйл явдал2022/08/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Тод зураг2019/12/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
Дэлхий нийтээр..2026/06/04
Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр үлдээлээ
-
Үйл явдал2025/07/07
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
