Дэлхий нийтээр..
Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийн тухай/ буюу тэдгээр иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлээс ирүүлсэн өргөдлийн тухай байв. Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан шүүхийн шийдвэр биелэгдэхгүй гурван жил болсон тул биелэлтийг хангуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Өргөдлийг судалж, холбогдох санал танилцуулахаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нарт хуваарилсан хэмээн хуралдаан даргалагч танилцууллаа.
Харин Улсын Их Хурлын гишүүд холбогдох талуудтай уулзаж, тайлбар, мэдээлэл авч, санал гаргасан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хийсэн юм. Тэрбээр, Бэрхийн уурхайчдыг төлөөлөн “Асар их хүч” төвийн тэргүүн, иргэн Д.Алтангэрэл Монгол Улсын Засгийн газраас уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөрт 4,790,480,334 төгрөгийг гаргах асуудлаар өргөдөл, гомдол гаргасны дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 85 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулсан байна. Мөн 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг байгуулж ажилласан бөгөөд 2013 онд байгуулагдсан ажлын хэсгээс нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлыг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлэх дүгнэлт гаргажээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5/2858 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг дэмжсэн ч тухайн үеийн Засгийн газраар шийдэгдээгүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №0404 тоот шийдвэрээр Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд мөн шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0570 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Бэрхийн уурхайн үйл ажиллагаа 1954 онд эхэлж, улмаар 1999 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор “Монголсовцветмет” /Монголросцветмет/ нэгдлийн бүрэлдэхүүнээс гарч, “Бэрх Уул” төрийн өмчит үйлдвэрийн газар, Засгийн газрын 2001 оны 442 дугаар тогтоолоор “Бэрх Уул” ТӨҮГ нь “Бэрх Уул” хувьцаат компани болсон. Уурхайг 2005 онд хувьчилж, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Бэрхийн уурхайчдын зүгээс “Юдентакс Тин Аудит” ХХК-аар хийлгэсэн шинжээчийн дүгнэлт, “Итгэлцүүр шинэчлэн тогтоох тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолыг үндэслэн нийт төлөөллийн эрхтэй 88 иргэнд хоёр удаа олгох 7,032,820,405 (долоон тэрбум гучин хоёр сая найман зуун хорин мянга дөрвөн зуун таван) төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоолол гаргуулсан байна. Улсын Их Хурлын гишүүд холбогдох талуудтай уулзалт зохион байгуулж тодорхой тайлбар, мэдээллийг авсан. Өргөдлийг судлан үзээд өргөдөл гаргагчийн хүсэлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа тул дараах саналыг гаргалаа. Үүнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын хуралдааны дараалалд оруулахад дэмжлэг үзүүлэхэд анхаарах, Монгол Улсын Засгийн газраас шүүхийн шийдвэрийн биелэлтийг шуурхай хангаж, Монгол Улсын 2027 оны төсөвт тусгахад анхаарах талаар Өргөдлийн байнгын хорооноос албан бичиг хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд нэр бүхий 112 иргэнийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэн Д.Алтангэрэл оролцож, өргөдлийнхөө талаар үг хэллээ. Тэрбээр, асуудлын талаарх танилцуулга эхнээсээ ташаа явж ирсэн учраас энэ асуудал гурван жил гаруй хугацаанд шийдэгдэхгүй байгаа. Төрийн албан хаагчдын буруу тайлбар, танилцуулгаас болж иргэд их хохирдог юм байна. Бэрхийн уурхайг татан буугдсан, дампуурсан мэт танилцуулсан. Ийм зүйл байхгүй. Эрх зүйн актгүй учраас нотлогдохгүй зүйл. Хариуцах эзэнгүй гэдэг нь худал. Бэрхийн уурхайг төрийн өмчид харьяалалтай байх үеийн хохирлоо нөхөн төлүүлэх асуудал хөндөж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуультай холбогдох нөхөн төлбөр олгох зохицуулалтад хамаарна. Надад анх 290 хүн өөрсдийн нотлох баримт, итгэмжлэлээ өгч хандсан. Энэ хүмүүс хуульд заасан нөхөн төлбөрөө авах эрхтэй эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бичгээр хандахад, тус газрын дүгнэлтээр эдгээр иргэд хоёр удаагийн нөхөн төлбөр авах эрхтэй гэж дүгнэсэн. Би 2008 онд холбогдох газруудад уг бичгийг нь үзүүлж явахад ерөөсөө авч хэлэлцээгүй. Захиргааны хэргийн шүүх Төрийн өмчийн хорооны даргад "Бэрхийн уурхайд ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группт орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны хоёрдугаар сараар тасалбар болгож, өмнө нь мөрдөж байсан журмын дагуу “Монголросцветмет” нэгдлийн хариуцаж байх асуудлыг хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлсүгэй" гэж даалгасан байдаг. Улмаар шүүх уг асуудлыг "эс үйлдэхүй" гэсэн дүгнэлт шийдвэр гаргасан гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал асуулт асууж, үг хэлэв. Юуны өмнө иргэний төлөөлөл болон олон жилийн турш хохирсон хүмүүсийн өмнөөс ажиллаж ирсэн Д.Алтангэрэлд талархал илэрхийлээд, хүний эрх зөрчигдсөн асуудал амаргүйг онцолж, олон жилийн хугацаанд шийдэхгүй байгаа учир шалтгааныг Засгийн газрын төлөөллөөс асуув. Хэдийгээр хариуцагч тал нь Засгийн газар боловч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа шалтгаан нь төсөв батлагдаагүйтэй холбоотой. Тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн ч санхүүгийн эх үүсвэргүйн улмаас хойшилсон хэмээн Засгийн газрын төлөөлөл хариуллаа.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, бид хууль батлаад л байдаг. Хэрэгжихгүй, цаасан дээр үлддэг бол баталсны хэрэг байхгүй. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо ирэх хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хяналт, шалгалтыг түлхүү явуулна. Төсвийн санхүүжилтгүй гэсэн шалтгаан хэр оновчтой эсэх, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй. Иргэний болоод захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт хангалтгүй, муу байна. Шүүхийн шийдвэр биелэхгүй олон жилээр сунжирдаг нь иргэдийг чирэгдүүлж, давхар хохироодог байдал үүссэнийг анхааралдаа авна гэв.
Байнгын хороо ийн хэлэлцээд, Бэрхийн уурхайтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нараас гаргасан саналд үндэслэн яаралтай шийдвэрлүүлэх тухай дүгнэлтийг танилцуулахаар боллоо.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2024/05/15
Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр
-
Хэн юу хэлэв...2019/11/12
И.Бямбасүрэн: 0-6 хувийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой
-
Дэлхий нийтээр..2023/01/10
Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл гаргалаа
-
Дэлхий нийтээр..2021/04/09
Ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн, автомашины дугаарын тэгш, с...
