Тод мэдээ
Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж, Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах зорилгоор Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай Засгйин газрын тогтоолын төслийг баталлаа.
Тус тогтоолоор,
-Эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан, эрх зүйн зохицуулалтын ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох;
-Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, ашиг сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн шинжтэй, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан дүрэм, журам, тэдгээрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох, өөрчлөх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
ХЗДХЯ-аас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 885 хуулиас хэдэн хуулиар хичнээн эрх олгосон талаар судалгаа хийжээ. Бие даасан 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 315 хуулийн 2403 эрх олгосон заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ шилжүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Хуулиар эрх шилжүүлэх байдал хэт өргөжсөнөөс захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн захиргааны хэм хэмжээний актын тоо тогтмол өсөж байна.
Тухайлбал, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актын тоо 2010 онд 681 байсан бол 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2724 болж, энэ хугацаанд дөрөв дахин нэмэгджээ.
Тус тогтоолтой холбогдуулан хагас жилд 1000 журам хүчингүй болгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.
Тод мэдээ
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Тод мэдээ
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц, боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
Зөвлөл нь үүсээд буй нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ шуурхай авах, нөөц, чанар, үнэ бүрдэлтэд хяналт тавих, зорилтот стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, яамд хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход оновчтой шийдэл болно гэж үзжээ.
Тод мэдээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан.
Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ.
Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй.
Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.
НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.
Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

-
Тод мэдээ2021/03/18
Тусгай үүргийн онгоц газардлаа
-
Тод индэр2020/10/01
Х.Баттулга: Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт ба...
-
Тод индэр2024/05/17
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлагын асуудал яриг...
-
Тод индэр2020/08/03
А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ
