Дэлхий нийтээр..
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
-"Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын коксжих нүүрс олон улсын үнээр борлуулах боломж бүрджээ-
Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” компанид өнөөдөр ажиллалаа. Онцгой дэглэмийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа. Энэ хугацаанд,

-Гацсан байсан биржийн арилжааг сэргээж 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон.
-Гэрээнүүдийг гацаанаас гаргаж, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэж 1.6 дахин нэмэгдүүлсэн.
- Техникийн бэлэн байдал 56 хувиас 81 хувьд хүрсэн.
-Dashboard систем нэвтрүүлж, олборлолт, тээврийг шууд хянах боломжтой болсон.
-Засгийн газар, компанийн хамтын ажиллагаагаар 2026–2029 оны дунд хугацааны стратеги боловсруулсан.
-2025.10.06-нд Цаофэйдянь нөхцөлтэй арилжаа зарлаж, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавилаа.
-Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын 1/3 коксжих нүүрсийг олон улсын үнээр борлуулах боломж бүрдсэн. Нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40 хувиар нэмэгдсэн зэрэг мэдээллийг өгч байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2,7 сая тонн нүүрс, экспортолсон бол есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолжээ. Есдүгээр сарын нүүрсний экспорт тус компанийн бүх цагийн үеийн экспортын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт даалгасан.
Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай биелүүлж, эдийн засгийг сэргээх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүллээ гэдгийг Ерөнхий сайд онцлоод бодит үр дүн гарган ажилласан БЭТ-ийн баг болон компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн багийг үргэлжлүүлж ажиллах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэлээ.
Манай улсын эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрэхэд тус компани онцгой үүрэг гүйцэтгэлээ. Үлдсэн арав, арваннэг, арванхоёрдугаар сард биржийн арилжаа, борлуулалт нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, төсөв ашигтай гарах нөхцөл бүрдэж байна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Мөн цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах, технологийн шийдлийг ашиглаж дотоод худалдан авалт, гэрээний ил тод байдлыг хангах, ил тод, олон нийтийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болгох, компанийн үнэлгээ болон хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэн Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг хэллээ.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2020/05/19
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
-
Дэлхий нийтээр..2021/06/10
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
-
Үйл явдал2022/11/11
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2024/01/04
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрх...
