Дэлхий нийтээр..
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна. Авто замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор
• 11 дулааны шугамыг шилжүүлэх, хүчитгэх,
• 1100 метр цахилгааны агаарын шугамыг хүчитгэх,
• 3500 метр кабель шугам шилжүүлэх,
• 10 мянган метр холбооны шугам шилжүүлэх,
• Шинээр 2.4 км борооны усны шугам хийхээр ажиллаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын авто замын хяналтын мэргэжилтэн Д.Төрбилэг “Шинэчлэл хийж буй энэ зам өмнө нь 7 метрийн өргөнтэй 2 эгнээтэй байсан бол одоо 14 метрийн өргөнтэй 4 эгнээ болгохоор өргөтгөн шинэчилж байна. Замын ажлын хүрээнд 59 нэгж талбайг чөлөөлөн инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлуудыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 3.9 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил хийж замын хөдөлгөөнийг нээсэн. 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийхдээ замыг дөрвөн удаа хаахаар төлөвлөсөн. Өнөөдөр гурав дахиа хаагаад байна. Энэ удаа бид үлдсэн хоёр км замын 1.3 километрийг хаасан бөгөөд 10 сарын нэгний өглөөний 6 цагт нээхээр ажиллаж байна. Өнөөдөр энэ хэсэгт агаарт байсан дулааны шугамыг зам доор шинээр суурилуулж байна. Мөн өргөтгөлийн хэсгийн цементээр бэхжүүлсэн суурийг хийж, авто замын хашлага суурилуулна. Зорчих хэсгийн асфальтан хучилтыг хийж төлөвлөсөн хугацаанд замаа нээнэ. Ингээд нийт замаас үлдэж буй 700 метр хэсгийн ажлыг бид 10 дугаар сарын 10-наас 15-ны хооронд хийж гүйцэтгэнэ. Ингэснээр 5.9 км замын зорчих хэсгийн ажил 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн дуусна. Явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажил хийгдэж байгаа бөгөөд 10 дугаар сарын 31-нд дуусахаар байна. Энэ замаар хүнд даацын машинууд их зорчдог бөгөөд Наадамчдын зам болоод Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг тодорхой хэмжээгээр хуваалцдаг зам юм” гэлээ.
Дээрх замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг аравдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилж байна.






Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/12/25
Төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад баяр х...
-
Үйл явдал2021/04/20
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Дэлхий нийтээр..2024/06/19
Баянзүрхчүүд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигчдийг багаа...
-
Дэлхий нийтээр..2025/11/18
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цог...
