Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.
УРИАЛГАД:
“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.
Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.
Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.
Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.
Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.
Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.
Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.
Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.
Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.
Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:
Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.
Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.
Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.
Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.
Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.
Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.
Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.
Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.
Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.
Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






