Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярив.
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэнд Ерөнхийлөгч И Жэ Мён Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөжин тэлж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, харилцан итгэлцэл, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал гэдэгт санал нэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНСУ-д төрийн айлчлал хийх урилгатайг Ерөнхийлөгч И Жэ Мён нотоллоо.
Өдгөө хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу урагшлуулах, Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үр дүнтэй үргэлжлүүлэх, ховор металл, мэдээллийн технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
Төрийн тэргүүн нар харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжихөд ард түмний найрамдал, нөхөрлөл гол тулгуур үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, иргэдийн солилцоог дэмжихээ илэрхийллээ.
Энэ хүрээнд хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй адил монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, энэ чиглэлээр хамтран ажиллахаа тэмдэглэлээ.
БНСУ-д амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд тус улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмэр оруулж буйд Ерөнхийлөгч И Жэ Мён талархал илэрхийллээ.
Талууд олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, цаашид энэ хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2020/06/11
УИД-т гал гарсантай холбоотой хэргийн газрын үзлэг үргэлжилж байна
-
Дэлхий нийтээр..2020/09/16
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 1.0 хувиар буурлаа
-
Дэлхий нийтээр..2025/01/22
Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гаргахад хүндрэлт...
-
Дэлхий нийтээр..2025/08/04
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
