Дэлхий нийтээр..
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, ”Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д нэгтгэлээ. "Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгав. Тус шийдвэртэй холбогдуулан хийх ажлын талаар буюу төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тогтоолд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийг оновчтой тогтоож давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах замаар бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог 10-аас доошгүй, зардлыг 10-15 хүртэлх хувиар хэмнэх боломжтой гэж үзээд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үр ашиг, өгөөжид дүн шинжилгээ хийж, үр ашиггүй,алдагдалтай ажиллаж буй хуулийн этгээдийг шилжүүлэх, өөрчлөн байгуулах, татан буулгах болон компани, үйлдвэрийн газруудын орлого, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулахчиглэлээр санал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд дэргэдээ цайны газар, зочид буудал, хэвлэх үйлдвэр, сувилал, эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байна. Иймд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар, нэгжийг өөрчлөн зохион байгуулах, чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсхүл бие даасан хуулийн этгээдийн хэлбэрт шилжүүлэх, түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, цаашид ашиглахад зардал өндөр, үр ашиггүй, хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдан борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгов.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
