Дэлхий нийтээр..
“Abu Робокон 2025 Ulaanbaatar” Олон улсын тэмцээн ням гарагт эхэлнэ
Япон улсаас үүсэлтэй уг тэмцээн нь анх тус орны нэрэмжит тэмцээн байсан бол өнөөдөр Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоогоор ( ABU ) дамжиж, Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ. Энэ удаагийн олон улсын тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ, Ази номхон далайн нэвтрүүлгийн холбооны гишүүн телевиз хамтарч ажиллаж байна. Тус тэмцээнд 13 орны 14 баг тамирчид оролцоно. Олон улсын тамирчдын хувьд сагсан бөмбөгийн төрлөөс санаа авсан тэмцээний дүрмийг баримтална. Уг тэмцээний дүрмийг Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулжээ. Энэхүү тэмцээний гол онцлог нь тухайн зохион байгуулж буй улс орон өөрсдөө тэмцээний дүрмээ зохиодог уламжлалтай юм. Тодруулбал, Монгол Улсын хувьд 2024 онд Вьетнам улсад болсон олон улсын тэмцээн дээр дүрмээ танилцуулж, батлуулсан байна.
Монгол Улс 2019 анх удаа зохион байгуулахдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдуулсан даалгавар гүйцэтгэж амжилттай оролцож байв. Энэ удаагийн “Робокон” тэмцээн олон улсын стандарт шаардлага хангахаас гадна Монгол өв соёл, ёс, зан заншлыг дэлхийн олон улс оронд сурталчлан таниулах үүрэгтэй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Өнөөдөр дэлхий нийт даяарчлалын эрин зуунд амьдарч байгаа хэдий ч тухайн улс орны түүх, өв соёл бүхий л салбарт үнэ цэнтэй хэвээр оршихыг энэхүү олон улсын тэмцээнээр дамжуулан хүргэх зорилготой юм. Тиймээс сүүлийн үеийн залуусын анхаарлыг ихээхэн татаж, олон залуусын хүсэл тэмүүлэл зорилгыг тодорхойлдог сагсан бөмбөгийн төрлийг сонгосон нь олон орны тамирчдын оюун санааны охь ундаргыг мэдэрч, түүнээс суралцах хэтийн зорилгыг давхар агуулж байгаа аж.
Олон улсын тэмцээний эрхийг авсан цагаас эхлэн үндэсний үзэл санааг ирээдүй хойч үедээ суулгаж, шинэ цагийн залуусын оюун билэг хөгжлийн ямар гарц, зүг чигийг заахыг “Робокон” тэмцээнээс харж болно.
Тиймээс энэ удаагийн оюунлаг залуусын нэг дор цуглуулж, тэдний бүтээл туурвил хэрхэн бүтэж буйг үнэ төлбөргүй харах эрхийг зохион байгуулагчид олгож байна. Манай улсын дараа 2026 онд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг зохион байгуулах аж. Энэхүү тэмцээн зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг юм байна.
Ерөнхий зохион байгуулагчид:
- МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл
- Олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров
- ABU нарийн бичгийн дарга нарын газрын Робокон төсөл хариуцсан нарийн бичгийн дарга Мигиму Изика
- ABU POBOKON төслийн продюсер Кавахара сан
- ABU POBOKON Олон улсын тэмцээний шүүгчдийн зөвлөлийн тэргүүн, доктор Ө.Батбаяр
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжигч байгууллагаар
- Ерөнхий ивээн тэтгэгчээр: “ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
- “Мобиком” корпораци
- “ Аса арена”
- Z. Com, MindTech.KSJ зэрэг компаниуд ажиллаж байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2025/08/20
Үер, усны аюулаас болгоомжил!
-
Дэлхий нийтээр..2024/01/11
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно
-
Үйл явдал2026/06/05
Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн а...
-
Дэлхий нийтээр..2023/01/19
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2022 онд өмнөх оны гүйцэтгэлээс 36.4 хувиар өсөв
