Дэлхий нийтээр..
В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгыг ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрдөг тус барилгаас зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлсэн билээ. Улмаар 2024 оны нэгдүгээр сард нийслэл тус барилгыг өмчдөө буцаан авч, түрээсийн орлогыг бүрэн төвлөрүүлж эхэлсэн. Энэхүү барилга дээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар ажиллалаа.

Ийнхүү тус барилгыг дам түрээслээд ч зогсохгүй нийслэлийн өмчийн барилга дээр нэмж нэг давхар барилга барьж, тэнд нь лоунж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд барилгын зоорийн давхрыг бусдад худалдсан байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа юм. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа “Дамлан түрээсэлж байсан энэхүү барилга нь нийт 198 ам.метр талбайтай, 273 ам.метр газартай худалдаа, үйлчилгээ явуулах хамгийн үнэ цэнтэй байршилд байрладаг. Бид нийслэлийн өмчийг энэ мэт хууль бусаар ашиглаж, эзэмших асуудалд гол анхаарлаа хандуулж, уг барилгыг гэхэд 2024 оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авсан. 28-30 түрээс эзэмшигчтэй шууд гэрээ байгуулж, 20 сая төгрөгийн орлогыг нийслэлд шууд төвлөрүүлж байна. Нийслэлийн өмчийг ашиг олох зорилгоор дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого төвлөрүүлэлт 186 хувиар давж биелсэн. Бидний ажиллаж буй 3, 4 дүгээр хороололд байрлах Гар утас худалдааны төвийн барилга нь 2025 оны өмч хувьчлалын жагсаалтад орсон. Барилгын үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Үнэлгээ хийсний дараа олон нийтэд нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын цаасан суурьтай мэдээллийг бүрэн цахимжуулах, алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар онцоллоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
