Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно
Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их уншья” уриатай “Номын баяр”-ыг 37 дахь удаагаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэдэг юм.
Номын баяр нь ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой.
Баярын үеэр номын үзэсгэлэн, монголын болон дэлхийн шилдэг ном, бүтээлийн худалдаа, шинэ номын нээлт, зохиолч-уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг-борлуулалтын уулзалт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг үйл ажиллагаа болно.
Дэлхий нийтэд, тэр дундаа манай улсад сөргөөр нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтлын улмаас устах аюулд орсон амьтдын нэг нь Алтайн өвөр говьд амьдардаг мазаалай баавгай юм.
50 гаруйхан тоо толгой үлдээд байгаа мазаалайг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ удаагийн баярт Ерөнхийлөгчийн Тамгын газар “Үндэсний бахархалт амьтан мазаалай” сэдвээр оролцоно.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр болон байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй төслийн үр дүнгийн талаар нийтэд мэдээлэл, зөвлөгөө, өгөхөөр төлөвлөж байна.
Баярын үеэр НЗДТГ “Номын грант” шагналаа нийслэлийн хүүхэд, залуусын дунд номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ном, бүтээлүүдийг олны хүртээл болгож сурталчлан таниулсан, хотын хөгжлийн төлөө туурвисан бүтээл зэргийг шалгуур болгож 3 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
“Номын сайн нөхөр” уралдааны хүрээнд “Шилдэг ном”, “Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг уншигч-насанд хүрэгч”, “Шилдэг номын сан”, “Шилдэг уншигч хүүхэд” (Ахлах, дунд, бага анги), “Шилдэг уншигч анги”-ийг тодруулна.
Хүүхдүүдийн дунд номын тэмдэглэл хөтлөх, зурагт хуудас, подкаст бэлтгэх болон уншлагын аян зарлаж, шалгарсан хүүхдүүдийг ч урамшуулах болжээ. Мөн “Д.Нацагдорж” тэмдэгтэн хүүхдүүдийг шалгаруулна.
Номын баяр жилээс жилд өргөжин тэлж,дунджаар 300,000 гаруй уншигч ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог.
Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцох юм.
“Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.


