Дэлхий нийтээр..
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм.
Өнөөдрийн байдлаар нийт 10.000 гаруй иргэн марафонд бүртгүүлснээс 5000 гаруй иргэн эрүүл мэндийн 5 км-ийн гүйлтэд бүртгүүлээд байна. Тус гүйлтийн зохион байгуулалт, бүртгэл, энгэрийн дугаар олголт, гүйлтийн маршрут болон зам хаах мэдээллийг холбогдох албаныхан өгөв.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Цагдаагийн байгууллагаас жил бүр автомашингүй өдөр болон Улаанбаатар марафон арга хэмжээн дээр хөдөлгөөний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 24-ний өдөр 06-18 цагийн хооронд тодорхой хэмжээний зам хааж, Улаанбаатар марафоныг зохион байгуулна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой гудамж, замууд дээр хязгаарлалт тогтоосон байгаа. Замын хязгаарлалттай хэсэгт тээврийн хэрэгслээ үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд өмнөх өдөр нь тээврийн хэрэгслээ өөр газар байршуулж хөдөлгөөнд оролцох зэргээр Улаанбаатар марафон арга хэмжээнд саад болохгүй байхыг уриалж байна” гэв.
Мөн зам хаасан хэсэгт цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл, унадаг дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарал хандуулж ажиллана. Тиймд, эцэг эхчүүд мөн бага насны хүүхдүүддээ хараа хяналттай байхыг зөвлөлөө.

Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул “Нийтийн тээврийн бодлогын газраас Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Үүнд,
- Энхтайваны өргөн чөлөө, нарны замаар үйлчилдэг чиглэлүүд Их тойруугаар үйлчилгээ үзүүлнэ.
- Урдаас хойш чиглэлийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.
- Хойноос урагш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм.
- Мөн марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг 100 хувь дайран өнгөрдөг 3 чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно.
Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлнэ” гэв.

НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлтэд НЭМГ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх суурин 6 баг болон явуулын 4 баг буюу нийт 10 баг ажиллана. Мөн хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавихаар 11 улсын байцаагч ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ.
Мөн дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Бүтэн марафон нь 42190 метр, хагас марафон нь 21095 метр тул зөвхөн энэ гүйлтээр хичээллэдэг хүмүүс тухайн зайд уралдвал зохино.
- Зүрх судас, уушгины архаг өвчтэй болон халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээж хөндийрөх зэрэг зовуурьтай, жингийн илүүдэлтэй, жингийн дутагдалтай, өндөр настан болон 18-аас доош насныхан эрүүл мэндийн талаас гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор холын зайд гүйхгүй байх.
- Эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор спортын болон өрхийн эрүүл мэндийн эмчээс зөвлөгөө авах.
- Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах.
- Махан хоол хүнсний ногоог аль болох бага хэрэглэх.
- Хөнгөн, нүүрс ус, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэх.
- 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух.
- Марафоны өмнөх өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.
- Цаг агаарын нөхцөлтэй уялдуулж хувцсаа сонгох.
- Хөлс сайн нэвтрүүлэх материалтай зориулалтын хувцас өмсөх хэрэгтэй.







Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/09/06
Зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 4 чиглэлийг түр хугацаанд өө...
-
Дэлхий нийтээр..2025/04/25
E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ
-
Дэлхий нийтээр..2021/06/29
Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн анхааралд!
-
Дэлхий нийтээр..2023/05/10
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци Чунчин хотын компаниудтай хамтарч ажиллана
