Тод мэдээ
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 99 дүгээр захирамжаар байгуулагдсан “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр боллоо.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд ахалж байна. Хуралд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа нар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, 20 минут Үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын төлөөллөөс оролцлоо.
Хурлын эхэнд “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрх” сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулга хийлээ. Тэрбээр, танилцуулгадаа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны төслийн талаарх мэдээллийг хүргэв.
Тодруулбал, нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 5551 орон сууц байгаагаас газар хөдлөлтөд тэсвэргүй 672, ашиглахыг хориглосон шийдвэртэй 385, Нийслэлийн Засаг даргын дахин барилгажуулах захирамжтай 178 орон сууц байна.
Мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2025 оны байдлаар 16 байршил 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Танилцуулгын дараа гишүүд хууль, эрх зүйн орчны практик хэрэглээнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа. Түүнчлэн ажлын хэсгийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр талуудын төлөөллийг тэгш хамруулж, хэлэлцүүлгийн түвшинд зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод зураг2019/12/18
Дуучин Б.Эрдэнэбаярт хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авч...
-
Тод мэдээ2020/11/16
Коронавирус илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авах цэгүүд
-
Тод индэр2024/06/14
Г.Нарантуяа: Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхи...
-
Тод мэдээ2024/11/01
Хэн нэгнийг архи уухыг тулган шаардахгүй байхыг уриалж байна