Тод мэдээ
Дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллага ашигладаг “MD-Video AI” программыг ТЦА-нд хүлээлгэн өглөө

НЗДТГ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албанд дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллагын ашигладаг “MD-Video AI” программыг хүлээлгэн өглөө.
Уг программыг мөрдөн шалгах ажиллагаанд болон хэргийн газраас хураан авсан чанарын шаардлага хангахгүй хяналтын камерын бичлэгийг тодруулах, тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай төрх болон бусад эд зүйлийг таньж олох, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэхэд ашиглах юм.
Тодруулбал, дээрх программыг БНСУ-ын GMD soft компани эзэмшдэг бөгөөд ашиглах боломжгүй болсон гар утаснаас хэрэгцээтэй программ болон зураг, бичлэг сэргээдэг давуу талтай. Уг программыг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашигласнаар зам тээврийн ослын гэмт хэргээс гадна бусад гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа, шатахуун зардал хэмнэх, алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөхөд өндөр ач холбогдолтой юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камер ажиллаж байна. Эдгээрийг нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв хянаж байгаа. Уг нэгдсэн төв нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх AI программ хангамж бүхий ухаалаг камерын системээр бүрэн хангагдсан. Үүн дээр өнөөдрийн хүлээлгэн өгч буй “MD-Video AI” программ хангамж нэмэгдсэнээр илүү нарийвчлалтай мэдээллийг олж авах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, техник болон программ хангамжийн хувьд томоохон ахиц дэвшил гарч байна” хэмээв.
Мөн энэ үеэр программ хангамжаас гадна өндөр хүчин чадал бүхий иж бүрэн компьютерын хангамжийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэнэ гэдгийг тодотгосон юм.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Хосбаяр “Гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэхэд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хамгийн чухал байдаг. Гэсэн хэдий ч урьд өмнө байрлуулсан аж ахуйн нэгжийн камерууд чанарын шаардлага хангахгүйгээс үүдэн нотлох ажиллагаанд саад учирч, хэрэг шийдвэрлэхэд хугацаа алдах сөрөг талтай байсан. Ийнхүү тус программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, нотлох баримтыг цуглуулах ажилд маш том дэмжлэг болж байна” гэлээ.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тод мэдээ
Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 18 аймгийн 68 санал авах байрын байршилд 2025 оны зургаадугаар сарын 18-ны өдөр нэгэн зэрэг шалган туршлаа.
Санал авах байранд ашиглах камер, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг санал авах өдрөөс өмнө шалган турших энэхүү үйл ажиллагаа нам эвсэл, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд нээлттэй болдог. Энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 4 намын төлөөлөл, 121 нэр дэвшигчийн ажиглагч шалган турших ажиллагаанд оролцож, хяналт тавьсан юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт болно.
Тод мэдээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ.
Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2021/04/09
ЗГ: Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ
-
Тод мэдээ2021/12/03
Европын холбооны төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийв
-
Тод индэр2020/03/06
Ё.Баатарбилэг: Анги дэвших болон улсын шалгалттай хичээлийн жилийн эцсийн дүнг I...
-
Тод зураг2019/09/12
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан