Тод мэдээ
Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг татан буулгана

Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаар баримталж байгаа бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа газар, хэлтэс дүүргүүдэд мөн байдаг. Чиг үүргийн давхцал улс, дүүргийн хэмжээнд байгаа учраас дээрх хоёр байгууллагыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаар ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид өнөөдөр төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай бүтэц байлгаад байж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Энэ хүрээнд зарим төслийн нэгжүүдийг ч татан буулгах ажил эхлүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
Одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд авч үзвэл нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буулгана. Татан буулгах үйл ажиллагаа эрх бүхий байгууллагын шийдвэр, журмын дагуу явагдана.
Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд,
23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
24 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлнэ.
25 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэнэ.
26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2024/04/08
Авто замуудын нүхэн эвдрэл засварлах ажил хийгдэж эхэллээ
-
Тод индэр2021/08/31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр ...
-
Тод зураг2023/01/13
Шинэ автобуснуудыг нэгдүгээр сард багтаан үйлчилгээнд явуулна
-
Тод индэр2021/12/15
ЗГ: 2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов