Дэлхий нийтээр..
Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр сарын эхний долоо хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байна.
Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байна.
Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын зэрэгцээ агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцорын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Ховдын зүүн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2021/10/27
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид тангараг өргөлөө
-
Хэн юу хэлэв...2020/07/02
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг
-
Дэлхий нийтээр..2019/05/30
2019 оны аймгуудын "Үндэсний баяр наадам"-ын ХУВААРЬ
-
Дэлхий нийтээр..2024/08/07
Хөвсгөл нуурт живсэн Зил-130 ачааны автомашиныг татан гаргалаа
