Тод индэр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцав.
Уг инновацын төв нь сансрын техник, технологийг хөгжүүлэх, түүний хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба энэхүү нэр хүндтэй байгууллагад Монгол Улсын иргэн Б.Марал ахлах зөвлөхөөр ажилладаг. Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн тэрбээр хиймэл дагуулын өгөгдөл дээр судалгаа, шинжилгээ хийж байна. Б.Марал нь Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалж, “Keeley Scholar” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ.
“Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төв нь дэлхий нийт анх хиймэл дагуул хөөргөж эхэлсэн үе буюу 1970 оноос хойших өгөгдлүүдэд тулгуурлаж, хувийн хэвшлүүдтэй хамтран байгаль орчин, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, уул уурхай зэрэг олон салбарт судалгаа хийдэг. Тодруулбал, газар тариалан эрхлэх боломжтой хөрс сонгох, эрчим хүчний салбарт нар, салхины цахилгааны станц байгуулахад өндөр үр ашиг өгөхүйц байрлалыг сонгох, уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг судлах гээд олон чухал судалгааг хиймэл дагуулын өгөгдөлд тулгуурлан явуулж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамтын ажиллагааны шинэ чиглэл болох хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2020/09/17
Компаниуд “1000-инженер” төслийн төгсөгчдийг ажилд авах хүсэлтээ илэ...
-
Тод мэдээ2023/11/29
Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо
-
Тод индэр2020/07/02
ФАТФ мэдэгдэл гаргажээ
-
Тод мэдээ2024/09/17
Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр зөвлөгөөн, дадлага сургалт...